СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-04-28

Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

Нийтэлсэн
10 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
10 цагийн өмнө

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн Э.Батшугар санаачлан өргөн мэдүүлсэн юм.

Зээлийн хүү буурах сайн талтай

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 13 банк, 400 гаруй банк бус санхүүгийн байгууллага, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд зээлийн мэдээллийн санд иргэд, аж ахуйн нэгжүүдийн зээлийн мэдээллийг тогтмол нийлүүлж байгаа юм. Зээлийн мэдээллийн санд 1.6 сая иргэн, 17 мянга гаруй аж ахуйн нэгжийн нийт 4.7 сая зээлийн мэдээллийн өгөгдөл хадгалагдаж байна. УИХ-аас дээрх төслийг баталснаар зээлдэгчийн зээлжих чадварыг тоон мэдээлэлд үндэслэн үнэлэх боломжтой болно.  Ингэснээр банкууд эрсдлээ тооцох бүрэн боломжтой болохын зэрэгцээ сайн түүхтэй зээлдэгч илүү хурдан шуурхай зээл авах боломж бүрдэнэ.  Нөгөө талдаа зээлийн хүү буурах сайн талтай гэж үзэж буй. Мөн зээлдэгчийн “хар жагсаалт” гэх санхүүгийн ялыг арилгана. Зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаас гадна оноонд суурилсан, уян хатан нөхцөлтэй санхүүгийн үйлчилгээг нэвтрүүлэх, барьцаа хөрөнгийн шаардлагыг 10 хувиар бууруулах, банк, санхүүгийн салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлж, эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлэх зэрэг санхүү, эдийн засгийн таатай нөхцөлүүд бүрдэнэ хэмээн төсөл санаачлагч байгаа юм . Нэгдсэн чуулганы үеэр хууль санаачлагчаас асуулт асууж хариулт авав.

“Аппликейшний зээл шуурхай гардаг тул иргэд авч, өрөнд орж байна”

УИХ-ын гишүүн Р.Сэддорж:

-Зээлийн хар  жагсаалтын хугацааг бууруулах боломжтой юу. Нэг удаагийн утасны төлбөрөө төлөөгүй байж болно. Гэтэл банкны хар жагсаалтад зургаан жилээр оруулдаг нь ямар учиртай юм бэ. Хэдэн тэрбумын зээлийг бол ойлгож байна.  Иргэдийн бага дүнтэй авдаг зээлийн  муу зээлийн түүхийг 2-3 жил болгож бууруулж болохгүй юу.  Аппликейшний зээл шуурхай гардаг тул иргэд авч, өрөнд орж байна.  Хялбар аргаар зээл аваад өрийн сүлжээнд орж байгаа асуудал энэ хууль батлагдсанаар хязгаарлагдах уу. Анх зээл авч байгаа иргэнийг муу зээлдэгч гэдэг үнэлэмж хэвээрээ юу. Теллерийн алдаанаас болоод  нэг төгрөгийн зээл үүсээд муу зээлдэгч болж байсан алдааг энэхүү  хуулиар хаасан уу.

УИХ-ын гишүүн Э.Батшугар:

- Зургаан жилийн хар жагсаалтад ордог санхүүгийн ялыг байхгүй болгоно. Зарчмын зөрүүтэй саналаар таван жил болгож, бууруулж байгаа. Тухайн хүнийг тодорхойлдог датаг хамгаалах зорилготой. Хувийн хэвшил нь өөрөө анализ хийгээд онооны системээр үнэлнэ. Жишээ татвал, 2005-2006 онд Энэтхэг улс Зээлийн мэдээллийн тухай хуулиа өөрчилж, онооны систем рүү шилжсэнээр 119 сая шинэ зээлдэгч бий болсон.  Латин Америкт мөн адил онооны системд шилжсэнээр анх удаа санхүүгийн харилцаанд оролцогчийн тоо 31.7 хувиар нэмэгдсэн. Нийт онооны системд орсноор чанаргүй зээлийн эрсдэл буурсан. Чанаргүй зээлийн хэмжээ. 1.9 хувиар буурсан. Онооны систем рүү орсноор оноо нь өсөөд буураад явахаар зэрэг аппликейшнийн зээл авдаг байдал буурна.

“Зээлийн оноо нэвтэрснээр сайн зээлдэгчдийн нөхцөл сайжирна”

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:

-Тойрогт ажиллаж байхад ахмад настнууд тэтгэврийн зээл ярьж байна. Бодолтой хандах юм билээ. Өмнө нь ахмадууд тэтгэврийн зээлийг хоёр жилийн хугацаатай 100 хувь авдаг байсан. Нэг ч төгрөг гар дээрээ авахгүйгээр зээлээ төлдөг байсан. Сүүлд нь 70:30 болгосон.  Дараа нь 50 хувь болгож. Ахмадуудын олонх нь 600 мянга гаруй төгрөгийн тэтгэвэр авдаг. Түүнээс нь 470 мянган төгрөгийг гар дээр нь үлдээгээд үлдсэнийг нь зээлд татуулах болохоор хоёр сая хүрэхгүй төгрөгийн зээл авах болохоор хүндрэл үүсгээд байна. Сонголтыг нь өгөөч ээ. Яамнаас хүсэлт өгсөн ч эргэн харах шаардлага байна.

УИХ-ын гишүүн Э.Батшугар: 

-Ахмадуудын орлого нь тодорхой юм чинь зээлийн шалгуурыг чангалах шаардлагагүй.

Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван:

- Тэтгэврийн зээлийн тухайн зээлдэгч зээлээ төлөөд үлдэж байгаа хувь нь амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур байлгахгүй байх гэдэг хүсэлт тавьсны дагуу шийдвэрлэсэн.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

-Хар жагсаалтад орсон хүмүүсээ хэрхэн хязгаарлах вэ. Сайн зээлдэгчээ хэзээ ч ярьдаггүй. Сайн зээлдэгчийг зээлийн хүүгийн бодлогоор дэмжих бодлого баримталж байгаа юу. ЖДҮ-ийн 70 хувь нь эмэгтэйчүүд. Богино хугацаагаар өндөр хүүтэй зээл авах шаардлагатай болдог. Сайн зээлдэгчдэд барьцаа хөрөнгийг байхгүй болгох бууруулах боломж бий юу. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ.

УИХ-ын гишүүн Э.Батшугар: 

-Хамгийн чанартай, цаг хугацаанд нь зээлээ төлдөг зээлдэгчид бол малчид, эмэгтэйчүүд. Зээлийн оноо нэвтэрснээр сайн зээлдэгчдийн нөхцөл сайжирна. Хэрэв тухайн оноо сайн байвал биет бус барьцаа хөрөнгө болох юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин, Т.БАТСАЙХАН

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.