Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцлээ. Гурил, улаан буудайн импортын татварыг тэглэсэн шийдвэрийг цуцлах эсэхэд гишүүд асуулт асууж, хариулт авсан юм.
УИХ-ын гишүүн Г.Хосбаяр: Орон нутагт ноолуур, гурилын асуудал хүнд байна. Улаанбаатар хотоос 630 км цаана байх Өвөрхангай аймгийн Богд суманд 50 кг гурил 115 мянган төгрөгийн үнэтэй байна. Ноднин өдийд 105 мянга байсан. Ноолуур нэг кг нь 145 мянгатай байна. 700 гр ноолуураар 50 кг гурил авч чаддаг байсан бол одоо 1,2 кг ноолуураар нэг шуудай гурил авч байна.
Төрөөс гурилын үйлдвэрийг бодлогоор дэмжээд байдаг. Гэтэл гурилын үнэ нэмэгдсээр л байна. Дахин нэмэгдэхгүй гэх баталгаа байна уу? Нөгөө талдаа бас ноолуурын салбарт анхаарч байгаа гэж байгаа ч газар дээрээ ноолуурын үнэ унасаар байна.
Энэ хоёр чухал бараан дээр төрөөс бүх талаар дэмжиж байхад гурилын үнэ нэмэгдэж, ноолуурын үнэ буураад л байна. Ноолуураа угааж самнаад гаргахаар үнэ тогтворжино гэж салбарын сайд ярьж байна. Яг ингээд хилээр гаргахад хаанах авах юм бэ? БНХАУ тарифт орчихсон учраас угаасан ноос гаргахаар авахгүй байгаа бололтой байсан.
Мөн малын тэжээлийг гаалийн татвартай болгож байгаа юм байна. Мал махны экспортын тэжээл, баяжуулсан бүтээгдэхүүнээр бүрэн хангах боломж байгаа юм уу?
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Үнэхээр гадаад орчны эрс өөрчлөлттэй холбоотойгоор улс орон бүр тарифын бодлогоор дотоод зах зээлээ хамгаалж байна. Манай экспортын түүхий эд байсан нүүрс 230 доллараас 70 болж уналаа. Харин боловсруулах үйлдвэртэй тулдаа ноолуураа үндэсний үйлдвэрүүд нь аваад /вексель гаргаж дотоодоос ноолуураа авах боломжоор төр хангасан/ үнээ барьж чадаж байна. Урд хөрш ноолуур авахгүй байна. Харин угаасан самнасан ноолуурын гол зах зээл нь европ юм.
Үүнтэй адилаар гурилын үнийн тогтвортой байдлаа хангаж чадаж байна. Үйлдвэрлэдэг улс орон хямралыг даван туулж чадна. Бид үйлдвэрлэж чаддаг болоод байна. Экспортын зах зээлийг нээх ажлыг хийж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.