УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Гурилыг гаалийн албан татвараас чөлөөлсөн хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан дараах байр суурийг илэрхийлэв.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-2019 онд 37 үйлдвэртэй байсан бол 11 болтлоо буурсан байгаа юм. Гурилын үйлдвэрүүд үгсэн хуйвалдаж үнээ өсгөсөн асуудал гарсан нь үнэн гэдэг мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. Энэ асуудлыг шүүх дээр шийдвэрлүүлэхээр хоёр жил болж байж шийдсэн. Гурилын зах зээл олигарх хэлбэрээр яваад байгаа нь үнэн. Сонголтгүй болчихсон. Энэ бүгдийн цаана төр хэрэглэгчийн эрх ашгийг л чухалчлах ёстой. Иргэдийн тулгамдсан асуудал бол үнийн өсөлт. Үнийн өсөлтийг хэрхэн зохицуулах вэ гэдэг л асуудал байна.
Гурил, үр тариаг экспортод гаргах бодлогыг УИХ-аас гаргаад өгсөн. 2023 онд гурилын үйлдвэрийн нийт хүчин чадлынхаа 33 хувьд л ажилласан, 2024 онд 25 хувийн хүчин чадлаар ажилласан. Хөнгөлөлттэй зээл тусламжийг өгч, үр дүнд нь олон үйлдвэр гарч ирсэн. Харамсалтай нь өнөөдөр бодит байдалд 25-30 хувийн хүчин чадлаар л ажиллаж байна. Тэр үйлдвэрүүдэд асар их боломж байгаа. 100 хувь ажилласан тохиолдолд 800 мянган тонн гурил үйлдвэрлэх хүчин чадал байна. Илүү үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг экспортлох шаардлагатай.
2021-2024 үйлдвэрүүдэд 212.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл өгсөн. Нэмээд жил бүр эргэлтийн хөрөнгийн зээл гэж 100 тэрбум төгрөг өгдөг. Гэтэл гурилын үйлдвэрүүдийг худалдаж авдаг үр тарианы зах зээл өөрөө 225 тэрбум төгрөгийн зах зээл. Нэг ёсондоо гурилын үйлдвэрүүдийн 50 хувь нь төрөөс авсан хөнгөлөлттэй зээлээр бизнес хийж байна. Энэ чинь зөв юм уу? Тэр хэрээр хэрэглэгчдийн гар дээр хямд өртөгтэй бүтээгдэхүүн очихгүй байгаа юм бэ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.