Төрийн албаны тухай шинэчилсэн хууль хэрэгжиж эхэлснээс хойш даруй зургаан жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хуулийн хэрэгжилтийг төрийн албаны төв байгууллага буюу Төрийн албаны зөвлөл (ТАЗ) хариуцан зохион байгуулж ирсэн билээ. Гэвч тус зөвлөл нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зөрчиж байна.
Учир юу гэвэл, эл хуулийн 74.1-т “Зөвлөл үйл ажиллагааныхаа тайланг дараа оны нэгдүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд хүргүүлнэ” гэж заасан. Тайландаа төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалт болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн маргааныг хянан шийдвэрлэсэн дүн, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, мэдлэг, ур чадвар, туршлагад суурилсан, улс төрөөс хараат бус, шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг бэхжүүлэх, ажиллах нөхцөл, баталгааны талаар цаашид авах арга хэмжээний санал, нэгдсэн тоо бүртгэл зэргийг тусгах ёстой. УИХ-д хүргүүлсэн ТАЗ-ийн тайланг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэн дүгнэлт гаргахаар хуульчилсан байдаг.
Гэвч энэ оны нэгдүгээр улирлын тайлангаа тэд хуулиар товлосон хугацаанд хүргүүлсэнгүй. ТАЗ-ийг хуулиа хэрэгжүүлж, тайлангаа ирүүлэх шаардлагыг УИХ-аас тавих үүрэгтэй. Ийнхүү шаардахгүй байгаа нь ТАЗ-ийн дарга Л.Цэдэвсүрэн нь эрх хэмжээгээ хэтрүүлээд байна уу гэх хардлага төрүүлэх болов.
“Буцах эхнэрт үнээ, тугал нийлэх хамаагүй” гэдэгчлэн бүрэн эрхийн хугацаа нь дуусаж буй ТАЗ-ийн гишүүн Б.Идэрчулуун, Д.Баатарсайхан, Ц.Амартөгс нарт тайлангаа хугацаандаа гаргаж, УИХ-д хүргүүлэх ажил төдийлөн ач холбогдолтой биш бололтой. Тэдний бүрэн эрхийн хугацаа дуусаад хоёр сар гаруйн хугацаа өнгөрсний дараа УИХ-ын цахим хуудаснаа Төрийн албаны зөвлөлийн гишүүн, төрийн албан хаагчдын төлөөллийг сонгон шалгаруулах зарыг уржигдар нийтэлжээ.
Зөвхөн үүгээр зогсохгүй ТАЗ-ийн удирдлага, гишүүд хуулийг үл ойшоож, зөрчиж байгаа тохиолдол ч бий. Тухайлбал, Төрийн албаны тухай хуулийн 68.7-д “Зөвлөлийн дарга, гишүүн өөр ажил, албан тушаал хавсран эрхлэхийг хориглоно” гэсэн заалт байдаг. Гэтэл өнөөдөр ТАЗ-ийн дарга, гишүүд бүгд Монгол Улсын ёс зүйн хороо гэдэг байгууллагын гишүүн болж, нэг нь даргаар нь ажиллаж, ТАЗ болон Ёс зүйн хороо гэдэг байгууллагаасаа давхар цалин “хүртээд” сууж буй бололтой. УИХ 2023 оны тавдугаар сарын 4-нд баталсан Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 11 дүгээр зүйлд “Ёс зүйн хороо нь Төрийн албаны төв байгууллагын дэргэд ажиллах бөгөөд ёс зүйн асуудал хариуцсан нэгжтэй байна” гэсний дагуу ТАЗ-ийн гишүүд нь бүгд энэ хороонд хамаардаг болж. Өөрөөр хэлбэл, нэг хуульд нь хориглосон заалт, нөгөөд нь зөвшөөрөгдөж, хийдэл үүсгэчихээд байна.
Хуулийн хэрэгжилтийг хангах төв байгууллага нь ийнхүү ажиллаж, “үлгэрлэж” буйд төрийн шат шатны удирдах, гүйцэтгэх албан тушаалтнууд, салбар зөвлөлүүдийн гишүүд нь ихэд гайхаж буй сурагтай. Энэ мэтээр УИХ нь харилцан уялдаагүй хууль баталж, ТАЗ нь хэрэгжүүлэх учраа олохгүй хууль зөрчилдөж буй гэхэд хилсдэхгүй. Тиймээс УИХ, Засгийн газраас Төрийн албаны тухай хууль тогтоомжийг бүхэлд нь эргэн харж, эрс шинэчлэл хийхгүй бол төрийн алба манан дунд төөрөлдсөөр байх нь.
ТАЗ-ийнхөн хууль тогтоогчдын цүнх баригчдыг төрийн албаны жинхэнэ албан тушаалд томилуулах нөхцөлийг бүрдүүлж өгснийхөө хариуд энэ оны төсвөө лоббидон батлуулж, өмнөх жилүүдийнхээсээ 3-4 дахин нэмэгдүүлж чадсан гэж учир мэдэх хүмүүс ярьдаг. Ингэж батлуулсан төсвөөрөө “Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” нэртэй сургалтыг орон нутагт зохион байгуулж буй гэх юм билээ. ТАЗ-ийнхөн өөрсдөө хуулиа хэрэгжүүлэхгүй байж манлайлал номлож, хөдөө, орон нутгаар явж байгаа нь ёс зүйд нийцэх үү.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.