Монгол Улсын Цахим үндэстэн болох зорилгын хүрээнд Боловсролын салбар цахим шилжилтийг түчээлэн ажиллаж байна. Энэ ажлыг дэмжиж “Олон нийтийн цахим мэдээллийн ажилтан” (ОНЦМА) нэртэй шинэлэг төслийг НҮБ-ын Хүүхдийн Сангийн санаачилгаар Боловсролын яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хамтран амжилттай хэрэгжүүлжээ.
Дархан-Уул, Орхон, Дорнод, Хэнтий аймаг болон Улаанбаатар хотын нийт 35 сургуулийг түшиглэн хэрэгжсэн тус туршилтийн төсийн хүрээнд 70 гаруй багшийг сургалтад хамруулжээ.
Төрийн цахим үйлчилгээ болон боловсролын цахим платформуудыг хэрхэн ашиглах, цахим орчинд аюулгүй байдлыг хэрхэн хангах, сургуулийн интернэт холболтын чанар, хурд зэрэг мэдээллийг тогтмол хянаж, багахан эвдрэл гэмтлийг засах чадварыг багш нарт заажээ.
Бэлтгэгдсэн багш нар тухайн орон нутгийн ахмад настан, эцэг эх, сурагчдад цахим боловсролын суурь мэдлэг олгох, төрийн болон боловсролын цахим үйлчилгээнүүдийг хэрхэн авах талаах сургалтуудыг 2024 оны турш хийсэн. Тэд нийтдээ 10 000 гаруй хүмүүст сургалт явуулжээ.
Мөн ОНЦМА нар өөрсдийн сургууль дээрээ 350 сурагч өсвөрийн цахим манлайлагч нарыг бэлтгэж, сургасан аж. Тэд Eduten, Pearson, Medle зэрэг олон улсын цахим сургалтын платформуудыг ашиглахад бага ангийн дүү нартаа тусалж, үе тэнгийнхэндээ цахим орчны зохистой хэрэглээг түгээж ажиллажээ.
Төсөл хэрэгжсэнээр орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн интернэт үйлчилгээний хэвийн, тогтвортой байдлыг хянах боломжтой болсон зэрэг олон чухал үр дүн өгнө.
Төслийн зөвлөлдөх уулзалтын талаарх мэдээллийг манай сайт /14:00-17:00/ шууд дамжуулан хүргэнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.