2025 оны нэгдүгээр сараас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 8600 гаруй иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтнууд хянан, тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд зөрчил үүсэх, эсэхийг хянаж томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгджээ. Энэ хугацаанд ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй олон хүн нэр дэвшсэн байжээ.
Тухайлбал, өөрийн хамаарал бүхий этгээдийг шууд захирах нэгжид ажиллуулахаар нэр дэвшүүлсэн, ажиллах байгууллага, салбар нэгжийн үйл ажиллагаа, чиг үүрэгтэй холбоотой чиглэлээр өмнө нь хуулийн этгээд, аж ахуйн нэгж байгуулсан, удирдлага, эцсийн өмчлөгчөөр бүртгэлтэй хүнийг томилохоор нэрийг нь дэвшүүлсэн байсан гэнэ. Түүгээр ч зогсохгүй өмнө нь авлига, албан тушаалын хэрэгт ял шийтгүүлж байсан хүнийг нэр дэвшүүлсэн тохиолдол ч гарсан байна. Энэ мэт Төрийн албаны тухай хуульд нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг зөрчсөн 590 зөрчлийг АТГ-ынхан тогтоож, холбогдох албан тушаалтанд анхааруулсан аж.
Мөн тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх 31 нэр дэвшигчийн талаарх дүгнэлтийг гаргаж, томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдсэний дийлэнх нь төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, боловсрол, эрүүл мэндийн салбар, нутгийн захиргааны байгууллагад ажиллах гэж байжээ. Тухайлбал “Цемент шохой”, “Хөдөө аж ахуйн бирж”, “Монголын хөрөнгийн бирж”, “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК, Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Өвөрхангай, Баянхонгор аймгийн ИТХ, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газарт ийм мэдэгдэл хүргүүлсэн гэнэ.
Ялангуяа төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, аж ахуйн нэгж, байгууллагад удирдах албан тушаалтныг томилохдоо сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод зарладаггүй, хуульд заасан шаардлага хангаагүй нэр дэвшигчийг ажиллуулах, улмаар тэд хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн албаны бүрэн эрхээ хэрэгжүүлдэг, цаашлаад авлигын гэмт хэрэгт өртөх эрсдэлийг бий болгож байгаа юм. Цаашид нийтийн албанд сул орон тоо гарсан тохиолдолд сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод болгох, удирдах албан тушаалтны авлигын эсрэг манлайлал, ёс зүйн байдлыг дээшлүүлэх, ялангуяа хууль бус зөрчил гаргаж төрийн албанаас чөлөөлөгдсөн, халагдсан, улмаар авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээдийг нийтийн албанд нэр дэвшүүлэхгүй, томилохгүй байх талаар холбогдох байгууллагуудад АТГ-аас тодорхой үүрэг, чиглэл өгч хяналт тавьж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Шүүхээс торгуулын ял авсан хүнийг төрийн үйлчилгээний албанд авч ажиллуулж байгаа нь хууль зөрчисөн үйлдэл мөн үү.хариу өгөөч