УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаараа Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцжээ.
Уг хуулийн төслийг Засгийн газр 2025.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн. Жагсаал, цуглаан хийх эрх нь зөвхөн нийтийн дэг журмыг хөндөхүйц бодитой үндэслэл байвал хязгаарлагдаж болох хэдий ч захиргааны байгууллагаас “зөвшөөрөхгүй байх үндэслэл”-ийг хэт өргөн утгаар тайлбарлаж, жагсаал, цуглаан хийх эрхийг хязгаарлаж байна. Түүнчлэн, цар тахлын эсрэг холбогдох хуулиудаар нийслэлийн Засаг даргад тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөг хязгаарлах эрх олгоогүй байхад захирамж баталж, иргэдийн жагсаал, цуглаан хийх эрхийг хязгаарлаж, жагсаалыг бүртгэхгүй байх, түүнийг зөрчсөн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл оногдуулсан зэрэг хүний эрхийг зөрчсөн цөөнгүй тохиолдол гарсан нь хуулийн төслийг санаачлах үндэслэл болжээ.Иргэд тайван жагсах эрхээ эдлэхдээ засаг захиргааны нэгжид бүртгүүлдэг, бүртгэсэн эсэх талаар хариу авдаг зохицуулалтыг өөрчилнө гэв. Одоо үйлчилж буй хуульд жагсаал, цуглааныг зохион байгуулагчид үүрэг ногдуулсан байдал нь иргэний эрхийг хязгаарлах, эрхийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж байна. Иймд олон улсын гэрээ конвенцод нийцүүлэн шинэчлэх шаардлагатай хэмээн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ.
Хүний эрхийн үүднээс жагсаал, цуглаан хийх байршлыг хорьж тогтоохдоо хавтгайруулахыг зохисгүйд тооцдог. Иймд хүрээ хязгаарыг аль болох багасгаж олон улсын гэрээнд нийцүүлэх шаардлагатай. Хуулийн төсөл нь 6 бүлэг 16 зүйлтэй, Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактад заасан иргэдийн тайван хуран цуглах эрхийг бүрэн хангаж, зөвхөн хуульд заасан үндэслэлээр энэхүү эрхийг хязгаарлах зохицуулалт баталгаажуулахыг зорьжээ. Хэрвээ уг төсөл батлагдвал зайлшгүй хориглох цөөн тохиолдлоос бусад тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэл хүргүүлснээр хариу хүлээхгүйгээр жагсаал, цуглаан зохион байгуулах боломж бүрдэх юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.