СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2025-04-22

Засгийн газар нэг гараараа хөрөнгө оруулагчдыг урьж, нөгөө гараараа уул уурхайг эсэргүүцэгчдийг дэмжиж байна

Нийтэлсэн
3 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
3 цагийн өмнө

Оюутолгой ХК-д холбогдох татварын маргаан нааштайгаар шийдэгдэж буй мэдээ байна. "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувьтай холбоотой хэрэг хэдийгээр шүүх дээр байгаа боловч, Засгийн газраас гарсан ажлын хэсэг худалдан авахад зарцуулсан мөнгийг шилжүүлснээр асуудлыг хаая гэдэг дээр тохироод, урьдчилгаа шилжүүлсэн гэсэн мэдээллийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд мэдэгдсэн.

"Орано" групптэй ураны салбарт хамтран ажиллахаар болсноор гуравдагч орны хөрөнгө оруулалт Монголд бодитойгоор орж ирэв. Ховд аймгийн Мянгад сум дахь Халзан бүрэгтэй орд эсэргүүцэлтэй тулсан боловч орон нутгийн удирдлагуудаас эхлээд үүссэн асуудлыг бага багаар тайлж байгаа сайн мэдээ буй. 

Гэвчиг Ерөнхий сайдын хэлдгээр уул уурхайн эсэргүүцэл "амаргүй" байна. 

Аливаа шинэ санал санаачилгад эсэргүүцэл заавал гарч ирдэг. Ер нь ямар ч шинэ төсөл, хөтөлбөрт 20-30 хувийн эсэргүүцэл буй. Хүн амын 70-80 хувь нь ойлгож хүлээн авбал тэр төсөл саадгүй урагшилдаг нь жам. Харамсалтай нь, уул уурхайг Монголд бүрмөсөн зогсоох чин хүсэлтэй, эх орноо хөгжүүлэхгүй байх санаатай 20-30 хувийн эсэргүүцэл маань гадны албан бус тоогоор 1 сая орчим хуурамч хаягтай нийлээд нийгэмд үймээн үүсгэж дөнгөөд байна. Хамгийн харамсалтай нь Засгийн газар эс үйлдлээрээ тэрхүү үймээнийг улам өдөөж байна. 

Монгол Улсын Ерөнхий сайд "Business friendly Mongolia" гэж гоё уриа гаргаад ч, хөрөнгө оруулагчдад ээлтэй улс болох тухай суртал ухуулга хийгээд ч байдал дээрдэхгүй нь тодорхой болж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ч хий уриа лоозон гаргахаас хэтрэхгүй боллоо. Хөрөнгө оруулагчийг нь захын нэг блаавгай заамдаж аваад зодож байхад Монголд хэн бизнес эрхлэхийг хүсэх юм бэ! 

Юуны өмнө, энэхүү жагсаалууд хаанаас санхүүжээд байгааг тусгай албад нь шалгаж тогтоохгүй байна. Оросоос тэжээгдэж байна уу, эсвэл Казакстанаас санхүүжээд байна уу гэдгийг тогтоож, ард түмэнд үнэн мөнийг нь тайлбарлаж өгмөөр байна. Эрхэлсэн ажилгүй мөртлөө хөдөө гадаагүй том жийп хөлөглөж, бензин шатахуун шатааж явдаг хүн сүрэгтэй болоод удаж байна.  

Энэ байдлаараа бол "Алсын хараа-2050" хэрэгжих нь бүрхэг боллоо. Энэ царайгаараа бол Шинэ сэргэлтийн бодлого, 14 мега төсөл хэрэгжихгүй боллоо. 

Нүүрс үнс болж, гадаад валют түүхэн дээд цэгтээ хүрч, өргөн хэрэглээний барааны үнэ огцом нэмэгдэн, Үндэсний статистикийн хороо гэж хуурамч мэдээллээр Засгийн газрыг хамгаалж байдаг байгууллагын "инфляци өсөөгүй" гэдэг үгэнд итгэх хүнгүй болж байна.

Ард түмний амьдрал амаргүй байна шүү, Ерөнхий сайд аа. Ядаж байхад энэ хэдэн "эх орончид" чинь толгой дээр гараад зайдалчихлаа. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.