СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2025-04-22

Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ

Нийтэлсэн
4 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл буюу “Economic Development Board”-ийн IV хуралдаан болжээ.

Тус хуралдаанаар Эрчим хүчний болон Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой хувийн хэвшлийнхнээс ирүүлсэн санал, дэлхийн эдийн засагт үүсээд буй нөхцөл байдлын эсрэг авах арга хэмжээний талаарх танилцуулга зэргийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр дэлхийн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, манай улсад үүсэж буй эрсдэлийн талаар зөвлөлийн гишүүдэд мэдээлэл өглөө. Дэлхийн тодорхой бус байдлын индекс түүхэн хугацааны хоёр дахь өндөр түвшинд хүрчээ. 2020 онд цар тахлын улмаас уг үзүүлэлт 56 хүрч байсан бол АНУ-ын сонгууль ба геополитикийн эрсдэлүүдийн улмаас 53 болжээ. Азийн хөгжлийн банкнаас мэдээлснээр Энэ нөхцөл байдал нь уул уурхайн бүтээгдэхүүнээс голчлон төсвийн орлогоо бүрдүүлдэг манай улсад сөрөг нөлөө үзүүлж буй. Иймд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар батлуулах, “Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Хөгжлийн банкийг экзим банк болгох, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг танилцуулав. Мөн тэрбээр “Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төсөл бол “Алсын хараа-2050” хөтөлбөрт туссан, хамтарсан Засгийн газрын зайлшгүй хийх ёстой асуудал. Тодорхойгүй байдал үүсэж, хөрөнгө оруулалт хумигдаж байгаа энэ цаг үед зах зээлээ тэлэх том боломж юм” гэлээ.

Зэсийн баяжмалын үнэ өмнөх оноос 19 хувиар, экспортын биет хэмжээ 26 хувиар тус тус өндөр байна. Гадаад валютын нөөц 5.0 тэрбум ам.доллар байна. 

Мөн тус хуралдааны үеэр Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, харьяа сангуудын болон үүсээд буй эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн (АМНАТ) хуваарилалтыг хийх хувилбаруудыг Сангийн яамнаас танилцуулав. Танилцуулгуудтай холбогдуулан зөвлөлийн гишүүдээс гаргасан санал зөвлөмжийг нэгтгэн боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгажээ.

Эрчим хүчний дэд зөвлөлийн гишүүн Б.Баатармөнх Эрчим хүчний болон Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлуудыг танилцуулжээ. МҮХАҮТ, Монголын бизнесийн зөвлөлийн гишүүн байгууллагуудаас  270  гаруй санал ирүүлснийг нэгтгэн 12 санал, шийдэл дэвшүүлжээ. Эрчим хүчний тухай үзэл баримтлал нь анх  2001 онд батлагдсан бөгөөд өдгөө шинэчлэх хэрэгцээ шаардлага үүссэн байна. Тухайлбал, шинэ төслийг сонгон шалгаруулах журмыг шинэчлэх, тус салбарт барилга, үйлдвэрлэл, газар ашиглалт зэрэг 48 төрлийн зөвшөөрөл авдаг. Үүнийг хялбаршуулж, олон улсын жишгийн дагуу “Зөвшөөрлийн нэг цонхны үйлчилгээг” нэвтрүүлэх нь зүйтэй гэжээ.

Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчний хэрэглэгчийн ангилал бий болгох, хэрэглээг гэрчилгээжүүлэх, Шинээр хөрөнгө оруулагчидтай тогтвортой байдлын гэрээ байгуулах зохицуулалтыг хуульд тусгах, Эрчим хүчний тухай хууль болон Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан төсвийн татаасын асуудлыг тодорхой болгож уялдуулах, Эрчим хүчний төслүүд дээр своп хэлцлийг ашиглах боломжийг олон улсын гэрээгээр шийдэх зэрэг хууль эрх зүйн зохицуулалт шаардлагатай байгаа гэж хувийн хэвшлийнхэн үзсэн байна.

 Ерөнхий сайд эрчим хүчний салбар дахь олон салангид ойлголтыг нэгтгэх, хууль эрхзүйн орчныг уялдуулан, сайжруулах шаардлагатай байгааг дурдаад  анхаарал хандуулж, ажиллахаа илэрхийллээ. Мөн геополитик, геоэдийн засгийн нөхцөл байдал, худалдааны татварын огцом өөрчлөлт, хямрал нь манай эдийн засгийн урт болон богино хугацааны бодлогод сорилт болж, цар тахлын үетэй адил бэлэн байдлыг шаардаж байна. Үүнд хувийн хэвшлийнхний  оролцоо, дэмжлэг хэрэгтэй тул хамтран ажиллах боломжуудын талаар  санал гаргаж, нэгтгэн танилцуулах чиглэл өглөө. Цаашид  Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн хуралдаанд хувийн хэвшлийнхний хэрэгжүүлэх гэж Ерөнхий сайд хэлжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.