СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмгэнэл илэрхийллээ

Нийтэлсэн
2 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис таалал төгссөнд эмгэнэл илэрхийллээ. 

-Эрхэм хүмүүн Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис таалал төгссөнд Гэгээн Ширээт Улсын Засгийн газар болон ард түмэнд Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.

Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Таны 2023 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал нь монгол түмний төрт ёсоо дээдлэх, эв эеийг хичээж, амар амгаланг цогцлоох, оюун санааны эрх чөлөөг дээдлэн хүндэтгэх үзэл санааг дэлхий дахинаа сурталчлан таниулж, манай хоёр орны харилцааны түүхэнд алтан үсгээр бичигдэн үлдэх онцгой чухал үйл явдал байсан билээ.

"Монголын талын анир чимээгүй, амар амгаланг бид сайн ойлгож авах хэрэгтэй. Ухаж бодохоосоо илүү мэдрэмжээрээ ойлгож болох байх"
гэж манай орны талаар даян дэлхийд хандаж хэлсэн таны халуун дотно сэтгэлийн үг миний сэтгэл зүрхэнд үргэлж тод байдаг.

Эрхэм хүмүүн Таны мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад хийсэн айлчлал элгэмсэг дотно, халуун дулаан, энэрэл нигүүлслийн сэтгэлээр дүүрэн сайхан уур амьсгалд болсныг, мөн Монголын ард түмэнд хандаж хэлсэн таны чин сэтгэлийн үгсийг монголчууд бид үүрд дурсан санах болно.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.