УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцжээ.
Тодруулбал, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас эргүүлэн татахаар болжээ. Түүнчлэн Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийн талаар танилцуулга сонсож, холбогдох байнгын хороогоор хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Харин Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын засгийн газар болон ОХУ-ын засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөлд бүлгийн гишүүдээс гаргасан саналуудыг судалж, нарийвчилсан зохицуулалтыг тусгахаар болжээ. Мөн Гадаад харилцааны яам болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам хэлэлцээрийг сайжруулах чиглэлд үргэжлүүлэн ажиллах шаардлагатай гэж шийдвэрлэжээ.
Мөн Төсвийн хууль, тогтоомжийн уялдаа холбоог хангах чиглэлээр хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Төсвийн цаглабарын талаарх судалгаа дүгнэлт, саналыг бүлгийн гишүүдэд танилцуулжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.