УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийв.
УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хэлэлцээрийн төслийг өнгөрсөн долоо хоногт Төсвийн байнгын хорооны хурлаар хэлэлцэх үеэр Ардчилсан намын бүлэг завсарлага авсан. Энэ долоо хоногт Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдлын дэд хороогоор хэлэлцэгдээд чуулганаар орохгүйгээр Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үзэг зурна. Ингээд гарын үсэг зурчихвал чуулганы нэгдсэн хуралдаанаар соёрхон батлагдана. Хэт нэг талыг барьсан гэрээ байгуулагдах гэж байна. Зарим талаар орчуулгын алдаа гарсан гэдэг зүйл ярьж байна. Олон зүйлсийг нь өөрчлөхгүй бол үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний асуудал байна гэж үзэж байна. Засварлаж буцаах ёстой гэдэг байр суурийг манай бүлгийн гишүүд гаргасан. Энэ асуудлыг Зам тээврийн сайд оруулж ирээгүйг гайхаж байна. Гадаад харилцааны сайд бас энэ асуулдалд анхаарч ажиллах ёстой гэдэг байр суурийг ч манай бүлгийн гишүүд гаргасан. УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хурлаараа хэлэлцээд дэмжихгүй байх шийдвэр гаргасан гэв.
Уг хэлэлцээрийн төслийн агуулга нь ОХУ-тай хамтарсан компани байгуулж "Чингис хаан" нисэх онгоцны буудалд агаарын хөлгүүдийг түлшээр тасралтгүй цэнэглэх үйлчилгээ үзүүлэх тухай юм. МИАТ компани тендер зарлаж шатахуун нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон үйлчилгээ авдаг байсныг 2020 оноос төрийн өмчит "Эрчис ойл" компаниар гүйцэтгүүлэх болсон юм. Харин энэхүү хэлэлцээрийг баталснаас хойш 20 жилийн хугацаанд Орос, Монголын хамтарсан компани онгоцны шатахуун нийлүүлэхээр хэлэлцээрийн төсөлд тусгаад байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.