УИХ-ын сонгуулийн үеэр оффшор бүс дэх гадаадын компаниас хандив авсан байж болзошгүй УИХ-ын гишүүн Э.Болормааг цагдаагийн байгууллагад шалгаж байна. Иргэний гаргасан гомдлын дагуу зөрчлийн хэрэг нээн шалгах ажиллагааг эхлүүлээд буй аж.
Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 56.1.1-т “Гадаад улс буюу гадаадын байгууллага, олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага нэр дэвшигчид хандив өгөхийг хориглоно” хэмээн заасан. Гэтэл баруун бүс буюу УИХ-ын сонгуулийн II тойрогт МАН-аас нэр дэвшин сонгогдсон Э.Болормаа Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад бүртгэлтэй “Кью Жи Экс холдингс лимитед” компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ханбогд эксплорэйшн” ХХК-иас 2024 оны зургаадугаар сарын 5-нд 30 сая төгрөгийн хандив авсныг Үндэсний аудитын газрын тайланд тодорхой тусгасан байдаг. Гэвч түүнийгээ хуульд заасны дагуу буцаан шилжүүлээгүй аж.
Тэгвэл эл үйлдэлд нь нэгэн иргэн гомдол гаргасныг ЦЕГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх албанд шалгаж байгаа юм. Зөрчлийн тухай хуулийн 17.1-23-т заасан “Хандив өгөхийг хуулиар хориглосон этгээдээс хандив өгсөн бол, тус хандивыг тухайн сонгуулийн дүн гарахаас өмнө буцаан шилжүүлээгүй бол, эсхүл хуульд зааснаас илүү хэмжээний хандивыг тухайн сонгуулийн дүн гарахаас өмнө буцаан шилжүүлээгүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэх заалтын дагуу шалгалтын ажиллагаа явуулж буй гэнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.