-Төрийн шагналт, гавьяат эмч П.Батчулуун эмчийн хүргэн ах Ч.Баярсайхантай ярилцлаа-
-Та П.Батчулуун эмчийн хамгийн том эгчийн нөхөр гэсэн. Эмчийг хэдэн настай байхаас нь мэдэх вэ?
-Тийм ээ. Би энэ айлд хүргэн ороод 50 жил болж байна. Анх хүргэн болоод очиж байхад 10 орчим настай л байсан. Тэгэхээр энэ хүнийг би хар багаас нь мэдэх хүн л дээ. Бид эхэндээ хамтдаа амьдардаг байсан. Бага байхдаа тархины маш хүнд гэмтэл авч байсныг нь хүмүүс дуулж байсан байх. Тэр өдөр хоёр дүүгээ сургуульд нь хүргэж өгөхөөр явж байхад нь байшингийн шавар дээвэр толгой дээр нь нурж унаж маш хүнд гэмтсэн. Гавлын яс нь бүр цөмрөөд орчихсон. Тэр үед би гэрт нь байсан болохоор анх энэ мэдээг сонсоод эмнэлэгт хүргэж байлаа. Маш хүнд хагалгаануудад ар араасаа орсон. Бүтэн хоёр жил хичээл сургуулиасаа завсардаж, эмнэлгээр, эмчийндээ бараг амьдарч байж хүний хэртэй болсон. Хүний тархи гадуураа гавлын ястай байдаг бол П.Батчулуунд байхгүй.
Тэр цагаас хойш малгайнаас салаагүй. Анагаахынх нь малгайтай эмч маань гэдэг юм билээ. Шалтгаан нь тархиа хамгаалах гавлын яс байхгүй болоод тэр л дээ. Хүүхэд байхдаа тэр хүнд хэцүүг үзэж, эмнэлгээр шахуу амьдарсан болоод ч тэр үү, эмч болж хүний амь аварна гээд шийдсэн. Аравдугаар ангиа төгсөөд асрагчаас ажлын гараагаа эхлээд АУДС-д орж, тэндээсээ Орос явж төгсөж ирсэн.
-Сүүлийн үед л хүмүүс Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгахтай холбоотой асуудал яг яаж явагддагийг жаахан ойлгож байна. Танай гэр бүл энгийн хүмүүсийг бодвол бас гадарладаг байсан байх...
-Эд, эрхтэн шилжүүлэх салбар манайд төдийгүй дэлхийд ч шинэ салбар. Монголчууд бид энэ талаар ямар ч ойлголтгүй байсан гэдэг нь энэ удаагийн хэргээс харагдаж байна. Манай гэр бүлд энэ чиглэлийн эмч нь ч байсан, эхнэр маань өвчтэй, ийм хэрэгцээтэй өвчтний ар гэр байсан гэлээ ч бид тэр бүр нарийн мэдээлэл байхгүй шүү дээ.
Одоо энэ удаагийн хэрэг л бидний нүдийг нээж өгч байна. Манайд ямар их хэрэгцээ шаардлага байна вэ. Энэ салбарыг босгох гэж энэ хэдэн хүн ар гэр, амьдралаа хаяж яаж зүтгэсэн юм бэ. Хууль эрх зүйн орчин нь хангалттай биш, энэ салбарыг түлхээд түрээд дэмжээд өгөх байтал цөөн хэдэн эмч нартаа найдаад орхичихсон байжээ гэдгийг бид цугаараа харж байна.
-Таны хань өвчний улмаас бурхан болсон гэсэн. Хэзээнээс оношоо мэдсэн, хэдийнээс диализийн аппаратад орсон юм бол?
-Миний хань 2005 оноос эхэлж өвдөж, эмчлүүлж явж байгаад 2010 оноос хүндэрсэн. Монголд чихрийн шижинээр өвдөж тэр нь хүндрээд эмчлүүлж байгаа олон мянган хүн байгаа. Бид яг л тэр хүмүүсийн адилаар эмнэлгээр явж эмчилгээ тусламж аваад явж байсан гэр бүл. Зарим нэг хүмүүс П.Батчулуун дүүгийн хэрэг дээр энэ эрхтэн шилжүүлдэг нь наймаа болсон мэт худал үнэн санаанаасаа зохиож байгааг хараад дуугарах ёстой юм байна гэж бодлоо.
Миний хань тэр П.Батчулуун эмчийн чинь хамгийн том эгч. Гэхдээ өвдлөө гээд, тэр том эмчийн эгч нь гээд нэг ч удаа эрх дарх эдэлж байсангүй. Яг л өвчтэй хүмүүс юуг туулж яаж явж байна. Тэгж л үзүүлж яваад өвчний хүндрэлээр хорвоог орхисон. Энэ өвчин бол хүнийг тартагт нь тулгаж байж авч оддог юм билээ. Ахад нь үнэндээ энэ тухай ярих байтугай дурсахад ч хэцүү байдаг. Гэхдээ үнэн нь энэ гээд дуугарах хүн би учраас эрхгүй үгээ хэлж байна.
-П.Батчулуун эмчийн ээж нь, бас эгч нь буюу таны хань бөөрний аппаратад ордог байсан одоогийнхоор бол бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай хүмүүс байсан гэж дуулсан. Яг энэ ажлыг гардаж хийдэг хүний хувьд тэднийхээ амийг аварч болмоор байсан санагдах юм?
-Манай хадам ээж, миний хань яг адилхан өвчнөөр хорвоог орхисон. Ер нь манай хадам ээж, миний хань, П.Батчулуун эмч бас нэг ах, нэг бага эгч нь гээд энэ гэр бүлээс дөрвөн хүн чихрийн шижинтэй. Одоо бага эгч нь гэхэд диализийн аппаратад ороод явж байгаа. Монголд бөөр шилжүүлэн суулгах хэрэгцээтэй 2000 гаруй хүн донор хүлээгээд байж байгаа гэсэн. Донор нь олдох юм бол амь насаа аваад үлдчих хүсэлтэй маш олон хүн байна. Бие нь хүндрээд ирэхэд би нэг удаа П.Батчулуунд хэлж байсан юм. “Үр хүүхдээс нь бөөрний донор болгоод эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэж болохгүй юу” гээд асуусан. Тэгэхэд “Донорыг ч, суулгуулах гэж байгаа хүнийг ч сонгохдоо маш нарийн шалгууруудыг хангах ёстой байдаг. Хавсарсан өвчтэй, насны хязгаар давсан учраас боломжгүй” гэсэн.
П.Батчулуун хүүхэд байхын их зөөлөн мөртлөө зарчим дээрээ хатуу байдаг байсан. Тэгээд үгүй гэж байгаа бол үгүй л юм байна гэж ойлгож авсан. Шалгуур нь, хууль нь ийм болохоор хуулиа дагана гэдгийг ойлгосон.
Тэр байтугай диализийн аппаратад даатгалаар оруулах гэж гуйхад “Ах аа та өөрөө ороод уулзчих аа. Чука эмч их хатуу, зарчимтай хүн” гээд би өөрөө орж уулзаж, учир байдлаа хэлж зөвшөөрөл авч байсан юм шүү. Тухайн үед диализийн аппаратад орох гэж нэг удаадаа 180 мянган төгрөг билүү төлдөг байсан юм. Долоо хоногт гурван удаа гэхээр санхүү явж өгнө. Бид өөрсдөө мөнгөө төлж удаан яваад сүүлдээ даатгалаар ордог зөвшөөрөл дээр тийм асуудал болж байсан.
Тэдний гэр бүл эгэл жирийн эмч нарын л гэр бүл. Олон хүний амь аварч, олон хүнд тусалж явсан болохоор хүмүүс түүнийг дэмжиж ойлгож байна. Харин дунд нь мэр сэр хүмүүс мэдэхгүйдээ юм уу, эсвэл зорилготой юм уу манай эмч нарыг эрхтэн зарж мөнгө олдог юм шигээр худал мэдээлэл цацаж байна.
Дэлхийн зарим улсад гардаг энэ гажуудлыг бий болгохгүй гэж энэ хүн эдний багийнхан хичээж ирсэн байж тийм юм хийнэ гэж байх вэ. Тэгээд ч Монголд эрхтэн шилжүүлж чадах эмч нар нь хэд билээ. Хүссэнээрээ олоод хүссэнээрээ тавиад суулгаад байна гэж байхгүй. Гэхдээ энэ хэрэг ирээдүйд гарах эрсдлийг анхааруулж чадаж байна гэж ойлгож байна.
-Энэ хэрэг гарснаас болоод салбарын хөгжил хэдэн жилээр ухралт болох вий гэсэн мэргэжилтнүүдийн зовнил харагдаж байна лээ. Гадаадын улс орнуудад ч гэсэн ийм дуулиан гарахаар салбарын хөгжил таг зогсдог гэсэн?
-Анагаахын талын мэдээллийг мэдэхгүй байж маш буруу мэдээлж, дуулиан болгосноор нөхөж баршгүй уршиг тарьж байна. Энэ бол ганц П.Батчулууны асуудал биш. Энэ салбарт ажиллаж байгаа олон эмч, ажилтны асуудал. Одоо залуу эмч нар шантарч, итгэл муутай болж байна. Тэдний араас суралцаж байгаа анагаахын оюутнууд байна. Ард нь эрхтэн шилжүүлж суулгах амь насны заалттай маш олон өвчтөн тэдний ар гэр, хувь заяаны асуудал байна. Бүгд цохилтод орж байна. Өнөөдөр амьгүй донор олдохоо байсан гэсэн. Гэтэл хүлээж байгаа хэчнээн хүн байна. Тоо нь цөөхөн учраас эхлээд залуучуудаа аврана гээд насны хязгаар тавьдаг ч байж магад гэж би боддог юм. Гэтэл одоо жараас дээш насныхан байтугай залуучуудын амийг аврахад ч хэцүү байдал үүсээд байна.
О.Сэргэлэн эмчийн хэлж байгаагаар донор олдвол шинжилгээ хийж, яг таарсан хүмүүстээ бол аль залуугаас нь оруулдаг гэж ойлгосон. Залуу хүмүүсээ аль болох яаралтай эрүүл болгож авах улсын бодлого зөв. Тэгсэн ч бас хань маань бидэнтэйгээ хамт байсансан бол гэж бодогддог. Бурхан болоод таван жил өнгөрч байгаа ч одоо маш хэцүү хэвээр...
-П.Батчулуун эмч өөрөө мэс засал хийдэггүй, тэр яригдаад байгаа эд эрхтэнг авсан хүн биш гэж ойлгосон?
-Аль ерээд онд гадаад явж судас залгах, шилжүүлэх аргад суралцаж маш олон сургууль курст явж суралцсан хүн. Эрхтэн шилжүүлэн суулгах анхны хагалгаануудыг хийж байгаад 2012 онд зүрхний шигдээс болж, зүрх нь хаагдаад арав гаруй минут болж, эмнэлэг дээр байсан тулдаа амь нас нь аврагдсан хүн шүү дээ. Тэр цагаас хойш хагалгаа хийхээ байгаад харин энэ алба нь байгуулагдаж, өөрөө хариуцаад явсан. Тухайн үед өвдсөнийхөө дараа буцаж сэргэх гэж бас багагүй хугацаа авсан.
Хүүхэд насандаа хүнд өвдөж, дараа нь дахин үхээд босч ирсэн хүний хувьд өвчтнөө чин сэтгэлээсээ мэдэрдэг байх гэж би боддог. Энэ эс, эд, эрхтэн шилжүүлэх багт байдаг олон эмч нар их л олон хүний амь аварсан даа
П.Батчулууныг зөвшөөрлийн бичиг дээрээ авах эд эрхтнээ дутуу бичүүлсэн гэж хүмүүс бодоод байх шиг байна лээ. Тэр бичиг бол яг дүрэм журмын дагуу байгаа гэдгийг өөрөө ч анхнаас нь хэлж ирсэн, нотлох баримт нь ч тийм байгаа гэсэн. Яг баримт бичиг дээр гарын үсэг зурсан дээр ч манай дүүгийн гарын үсэг байхгүй. Өөрөө энэ салбарыг толгойлж ирсэн хүний хувьд хариуцлага хүлээж, салбараа хамгаалж энэ хүрээд байгаа гэж ойлгож байна. Гэхдээ эрүүл мэнд нь энэ бүгдийг даахгүй хүн шүү дээ.
-Шүүхийн шийдвэрийн магадлангаар эсвэл Ерөнхийлөгч уучлах ёстой гэсэн олон нийтийн ойлголт байгаа. Уржигдар хууль зүйн сайд Шүүхийн шийдвэрээс ийм өвчтэй хүн ял биеэр эдлэх боломжгүй гэсэн шийдвэр гарч байгааг мэдэгдсэн. Тэгэхээр удахгүй суллагдаж магадгүй?
-Энэ хоёрын алингаар нь ч суллагдсан бай ялтай гэсэн үг биз дээ. Гэтэл өөрөө буруу хэрэг хийгээгүй гэдгээ анхан шатны шүүхээс эхлэн илэрхийлж, цагаатгаж өгөхийг хүссээр ирсэн. Өөрөө бие муугаа ч тоохгүй итгэл үнэмшлийнхээ төлөө, цаанаа салбараа, залуу үеийнхнээ хамгаалаад байгаа хүн. Хэдийгээр ялыг биеэр эдлэх боломжгүй гэж суллагдсан ч гэсэн ялыг нь хүчингүйд тооцох учиртай. Дээд шүүхээс энэ хэргийг нарийн сайн нягталж, үнэн мөнөөр нь тогтоож, цагаатгаж өгнө гэдэгт итгэж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин, Д.ОЮУНЧИМЭГ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.