СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-04-17

Д.Амарбаясгалан: Шударга өрсөлдөөн, санхүүгийн зах зээлийг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлнэ

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 хоногийн өмнө

Монгол Улсын Их Хурлын даргын санаачилгаар Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран “Бонд Форум-2025” арга хэмжээг өнөөдөр /2025.04.17/ зохион байгууллаа.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан уг арга хэмжээг нээж үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, эдийн засгийн тэлэлт, шударга өрсөлдөөн, санхүүгийн зах зээлийг хөхиүлэн дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудал нь энэ удаагийн парламентын анхаарлын төвд байгааг онцлон тэмдэглэв.

Сүүлийн жилүүдэд Улсын Их Хурал, Засгийн газрын зүгээс санхүүгийн олон тулгуурт зах зээлийг хөгжүүлэх хүрээнд тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгааг УИХ дарга дурдаад, хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалж, идэвхийг дээшлүүлэх, оролцогчдын ойлголцол зөвшилцлийн үр дүнд бий болох санал санаачилгыг парламент дэмжин ажиллана гэдгээ илэрхийллээ.

Мөн Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж буй Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар танилцуулж, уг хууль нь  Улсын Их Хурал, Засгийн газар, яамд, салбарын эрх ашгийг хөндсөн чухал асуудалд оролцогч талуудын саналыг сонсож, тухайн шийдвэрийг гаргадаг эрх зүйн орчныг бий болгох зорилгод чиглэснийг дурдав. Тухайлбал, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимыг бүрдүүлж байгаа төрийн бус байгууллагууд, танхимын гишүүдээр ажиллаж байгаа хувийн хэвшлийнхэнд үйл ажиллагаа явуулах тогтвортой эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлд илүү бодитой оролцох боломжийг бий болгоно гэж байлаа.

 

Энэхүү  арга хэмжээн дээр бондын зах зээлтэй холбоотой асуудлыг ярихын зэрэгцээ санхүүгийн салбарт тулгамдаж буй асуудлуудынхаа талаар ажлын хэсгийнхэнд чөлөөтэй илэрхийлэхийг  оролцогчдоос хүссэн юм. Учир нь Улсын Их Хурлаас банк, санхүү зээлийн асуудал, эл салбарын бодлого нь иргэд, бизнесийг дэмжсэн зорилготойгоор үйл ажиллагаа явуулж буй эсэх талаар өргөн хүрээнд хэлэлцэх тул төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхний санал үнэтэй хувь нэмэр болохыг онцлон тэмдэглэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.