Хамгийн анх 1944 онд зохион байгуулагдаж байсан “Алтан бөмбөрцөг” кино, телевизийн уран бүтээлчдийн шилдгийг шалгаруулах наадмын 76 дахь ёслолын арга хэмжээ ирэх нэгдүгээр сарын зургааны өдөр болох гэж байна.
Ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр шилдгүүдийг тодруулан нэрлэдэг уламжлалтай. Наадмын нэр дэвшигчид тодорсон байна. 44 жилийн дараа анх удаа Ази эмэгтэй шилдэг гол дүрийн жүжигчний номинацид нэр дэвшиж байгаагаараа онцлог боллоо.
Өнгөрсөн наймдугаар сард нээлтээ хийсэн “Галзуу баян Азиуд” романтик инээдмийн киноны гол дүрийн жүжигчин Констанс Ву “Алтан бөмбөрцөг” наадамд шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчинд нэр дэвшжээ.
Тус нэр хүндтэй наадамд 1974 онд “Есүс Христ Супер од” киноны дүрээр Ивонне Эллиман нэр дэвшсэн сүүлчийн Ази эмэгтэй байсан юм.
Үүгээр ч зогсохгүй “Галзуу баян Азиуд” тус наадмын шилдэг романтик инээдмийн кино төрөлд нэр дэвшжээ. Найруулагч Жон М Чугийн бүтээл 76 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” наадмын хоёр ч төрөлд нэр дэвшиж байна.
Нээлтээ хийснээс хойш 238 сая ам.долларын ашиг олоод буй киноны найруулагч Жон М Чу “өнгөрсөн бүх цаг хугацаанд хамгийн бахархалтай бахдам үе байлаа” хэмээн твиттертээ жиргэжээ.
Жүжигчин Констанс Ву “Урьд өмнө Ази гаралтай Америк эмэгтэй наадамд нэр дэвшиж байгааг хараагүй. Тиймээс өөрийгөө нэр дэвшинэ гэж огтхон ч бодсонгүй. Туйлын баяртай, цочролд оруулсан мэдээ хүлээж авлаа” хэмээн шүтэн бишрэгчидтэйгээ сэтгэгдлээ хуваалцсан байна.
Эх сурвалж: www.bbc.com