Засгийн газар энэ баасан гарагт ээлжит бусаар хуралдана. Тус хуралдаанаар олон улсын худалдааны тарифтай холбогдуулан манай эдийн засагт үүсээд байгаа сөрөг нөлөөллийг бууруулах багц 10 арга хэмжээг авч хэлэлцэхээр төлөвлөжээ.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар нүүрсний экспортыг нэмэгдүүлэх цаашлаад олон улсын худалдааны тарифтай холбогдуулан манай эдийн засагт үүсээд байгаа сөрөг нөлөөллийг бууруулах багц 10 арга хэмжээг хэрэгжүүлнэ. УИХ-д нэн яаралтай горимоор өргөн мэдүүлэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулаад энэ долоо хонгийн баасан гарагт Засгийн газар хуралдаж тус арван цогц арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд экспорт нэмэгдүүлэх зэрэг шаардлагатай цаг хугацаа тулсан ажлуудыг хэлэлцэж, шийдвэрлэнэ. Үүнд Үндэсний баялгийн сангийн тухай хууль багтаж байгаа. Ингэснээр цаашдын хэлэлцээнүүд хийгдэнэ. Олон улсын хөрөнгө оруулагчид, хувийн хэвшилтэй хэлэлцээ хийхдээ төлбөр хураамжийг нь зөвхөн иргэний хадгаламж руу оруулна. Мөн тодорхой хэсэг нь орон нутгийн хөгжлийг дэмжихэд зарцуулагдахаар бид хуульчилсан. Төсөвт татаж авдаг байсан бол өнөөдрийн иргэд орон сууц, боловсрол, эрүүл мэнддээ зарцуулж чадахаар болсон. Ашигт малтмал, Уул уурхайн биржийн хууль, Олон улсын гэрээн дээр тогтвортой арга хэмжээг авч ажиллах талаар сайд нарын мэдээллийг сонссон гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.