Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэв.
Уг хэлэлцээрийн төслийн агуулга нь ОХУ-тай хамтарсан компани байгуулж "Чингис хаан" нисэх онгоцны буудалд агаарын хөлгүүдийг түлшээр тасралтгүй цэнэглэх үйлчилгээ үзүүлэх тухай юм. МИАТ компани тендер зарлаж шатахуун нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон үйлчилгээ авдаг байсныг 2020 оноос төрийн өмчит "Эрчис ойл" компаниар гүйцэтгүүлэх болсон юм. Харин энэхүү хэлэлцээрийг баталснаас хойш 20 жилийн хугацаанд Орос, Монголын хамтарсан компани онгоцны шатахуун нийлүүлэхээр хэлэлцээрийн төсөлд тусгажээ. Мөн хэлэлцээрийн 5-р зүйлд "Оросын талын компанид цогцолборыг ашиглахад шаардлагатай зөвшөөрлийн баримт бичгүүд, лиценз, бусад баримт бичгийг олгоно" гэж заасан нь УИХ-ын гишүүдийг бухимдлыг багагүй төрүүлэв.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
-Монгол Улс агаарын хөлгийн түлшний найдвартай түнштэй болох асуудлыг шийдэх ёстой. Гэхдээ ганцхан улсаас хамааралтай гэрээг УИХ-д оруулж ирж байгааг ойлгохгүй байна. Аж ахуйн зүйлийг тэр түвшинд нь шийдэж сур. Ажил хийж байгаа нэртэй тулгалт хийдгээ болих хэрэгтэй.
Хэлэлцээр нь Монгол Улсад давуу байдал олж авах талаар тусгагддаг. Ийм хэлэлцээр гэж байж болохгүй. Зах зээлээ хаагаад, ямар ч өрсөлдөөнгүй болгож ирсэнд гайхаж байна. Хэлэлцээрийн дараа үнэ тогтвортой байж чадах уу гэдэг дээр эргэлзээтэй юм байна. Хүссэн үедээ тоглолтыг гартаа авна. Ц.Туваан сайд аа. Монголын эрх ашгийг хамгаалсан зүйл огт алга. Бид тэр чигтээ үүрэг хүлээсэн байна. Нефтийн үйлдвэрүүдийнхээ бараа бүтээгдэхүүнийг борлуулах орон зайгаа алдсан байна. Жижиглэнгийн зах зээл рүү ороход бэлэн болсон.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-Гэрээний долоодугаар зүйлийг харвал зөвхөн бүтээгдэхүүн нийлүүлэх урт хугацааны гэрээ төдий биш байна. Тодруулбал, Монголын татварын хөнгөлөлт, тарифыг 20 жилийн хугацаанд тогтвортой байлгах, ямар нэгэн байдлаар өөрчлөх эрхийг нь маш тодорхой хааж өгсөн байна. Монгол Улсын хууль тогтоомжид орж буй өөрчлөлтийг энэ гэрээ хэлэлцээрт тусгахгүй. Энэ мэтээр хэт нэг талыг барьсан, тулган шаардалтын баримт бичиг байна. Маргаан гарвал Оросын шүүхээр шийдэгдэх нь. Манай талын эрх ашиг гэж зүйл үнэндээ алга.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан:
-Бид нэг сумаар хоёр туулай буудах гэж байна. Хоёр гэрээ байгаа. Өмнө нь бидэнд нефть бүтээгдэхүүн тогтвортой ханган нийлүүлэх Засгийн газрын хэлэлцээр байхгүй байсан. ОХУ-д экспортын ямар нэг хориг, нефтийн байгууламжид халдлагад өртсөн үе болгон дээр элчин сайд руу хандаж ярьдаг байсан. Манай улсад энэ байдал нөлөөлөх үү? гэж асуудаг байсан. Энэ хэлэлцээр байгуулагдсанаар ийм асуудал үүсэхгүй. Оросын талаас түлш нийлүүлэх болон худалдааны хэлэлцээрийг хамтаар нь явуулъя гэдэг саналаа хэлж байгаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хөгийн гарууд өөрсөдөө л гүйж очоод байх юмаа
orosuud bol mongoliin hamgiin tom daisan gedegn batlagdsaarl bn