УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евроазийн түр хэлэлцээрийн төслийг хэлэлцэхийг хойшлуулав.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
-Их л улс төртэй сэдэв. Евразийн хэлэлцээрийн асуудал өмнө нь нууцаар орж ирж байсан. Тэгээд бөөн улс төр болоод буцсан. Дахиж хэлэлцээр нь хийгдээд арай өөр болоод орж ирж байна.
Өмнөх жагсаалтад МУИС, эдийн засгийн судлаачид тооцоолол хийгээд эдийн засаг зургаан хувиар агших юм байна гэдэг дүгнэлт гаргасан. Өмнөх парламентад байсан хүмүүс дуугүй байгаарай гээд байна. Өөрөө улс төржсөн асуудал ярьчихаад, "улс төржиж байна" гээд байх юм.
Энэ хэлэлцээрийг авч явах хүсэл Эдийн засгийн сайдад байгаа ч юм уу, үгүй ч юм уу? Гол ажлаа л яримаар байна. Шинээр гаргасан жагсаалтаа судлаачдаар судлуулсан юм уу?
Тойрогтоо ажилласан. Тариаланчид, аж ахуй нэгжүүд дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Бид дийлэхгүй гэдгээ хэлж байна лээ. Эдийн засгийн хөгжлийн яамнаас европын холбоотой байгуулсан 7200 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, Японтой байгуулсан 5700 нэр төрлийн чөлөөт худалдааны хэлэлцээр дээр дүгнэлт хийгээд танилцуулж болох уу? Судлаачид олон нийтээр дахин энэ асуудлыг хэлэлцүүлэх боломж байгаа юу? Яг энэ байдлаараа дэмжих боломжгүй.
Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр:
-Олон нийтийн хэлэлцүүлэг хийж асуудлаа шийдэх нь зөв. Худлаа мэдээлэл тараагаад байгаа нь үнэн. Газар тариалан эрхэлж байгаа тэдгээр хүмүүст энэ хэлэлцээр огт нөлөөлөхгүй. Тэр хүмүүсийн үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүн хуучин хамгаалалтаараа үлдэж байгаа. Харин гурилын татвараа буцааж сэргээмээр байна. Гурилын татвар энэ хэлэлцээрт ороогүй. Судалгаа шинжилгээ хийлгэе. Яарч тэвдээд байгаа юм алга. Одоо шийдэж өг гээд байгаа ч юм алга. Тал талаасаа ярья. Зах зээлээ олж авахгүйгээр бид урагшаа тэмүүлээд нэмэргүй гэв.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евроазийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийн судалгааг лавшруулж хийх ёстой гэсэн үндэслэлээр хойшлуулав.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.