СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-04-16

ХЗБХ: Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналыг дэмжжээ

Нийтэлсэн
9 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
9 цагийн өмнө

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.04.16) хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээс 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр УИХ-ын даргад өргөн барьсан Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцжээ. 

Уг асуудлыг Байнгын хорооны 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх үеэр Х.Тэмүүжин гишүүний саналын үндэслэлийг боловсронгуй болгох шаардлагын улмаас хойшлуулах санал гаргаж, үүнийг гишүүдийн олонх дэмжсэн юм. Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авсан тул өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав.  

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан асуудлаар гишүүн Улсын Их Хурлаас Цэцэд хүсэлт гаргах саналыг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлбэл уг асуудлыг Хууль зүйн байнгын хороо ажлын 14 өдрийн дотор хуралдаанаараа хэлэлцэж саналд дурдсан асуудал нэг бүрээр санал хураан нэгдсэн хуралдаанд санал, дүгнэлтээ оруулна” хэмээн заасныг Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хуралдаанд танилцуулаад санал хураалт явуулав.

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан “Аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор иргэн, албан тушаалтан, төр, олон нийтийн байгууллага Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргавал хэргийн харьяаллыг тогтоож холбогдох шүүхэд шилжүүлнэ” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй талаар Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 15 гишүүний 12 нь дэмжив. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.