Энэ оны эхний гурван сарын байдлаар дээрэмдэх гэмт хэрэг 211 бүртгэгджээ. Дээрэмдсэн эд зүйлсийн дийлэнхийг гар утас эзэлж байна.
Тодруулбал, Цагдаагийн байгууллагад 2025 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Согтуу хүмүүст зодуулсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Дээрх хэрэгт шалгалтын ажиллагааг явуулахад эрэгтэй 47 настай иргэнийг бүлэг этгээд хоолойг нь боож, гар утсыг нь дээрэмдэж, зугтаасныг шуурхай илрүүлжээ. Тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд нь Хөвсгөл болон Архангай аймагт оршин суух хаягтай 30-40 насны иргэд байна.
Дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүд нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй болсон иргэдийг болон гэрэлтүүлэггүй гудамж, талбайд ганцаараа зорчиж буй иргэдийг олзлон тэдэнд хохирол учруулдаг байжээ. Иймд иргэд шөнө оройн цагаар явахдаа сонор сэрэмжтэй байх, аль болох гэрэлтүүлэгтэй, хяналтын камертай замаар зорчиж гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.