Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааны талаар УИХ-ын гишүүн, Хангайн бүсийн зөвлөлийн гишүүн Г.Хосбаяртай ярилцлаа.
УИХ-ын гишүүн Г.Хосбаяр:
-Монгол Улсын Засгийн газар “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ыг тэргүүлэх зорилт болгосон. Энэ хүрээнд Бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааныг бүс бүрд зохион байгуулж, бүсүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, бүс тус бүрд шаардлагатай мега төслийг танилцуулж, хэлэлцүүлэх шийдвэр гарсны дагуу өнөөдөр ийнхүү анхдугаар хуралдаан болж байна.
Хуралдаанаар бүсийн зөвлөлүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, бүсийн хөгжлийн бодлоготой салбарын төлөвлөгөөг нийцүүлэх, бүсүүдийг хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зорилтот хөтөлбөртэй болгох, бүсийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх талаар хэлэлцэж, санал дүгнэлт гаргана.
Манай бүс газарзүйн байршлаараа төв цэгт оршдог. Тээвэр логистикийн төв болж хөгжих ёстой. Түүнчлэн хилийн боомтуудаа авто замаар холбох ёстой. Уламжлалт мал аж ахуйдаа суурилсан Шинэ Хархорум хотыг бий болгохоор төлөвлөсөн. Мөн уламжлалт мал аж ахуйн суурилсан хот байгуулалтын дэд бүтэц гэж тодорхойлж байгаа. Иймд 2040 он хүртэл манай бүс нутаг байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлнэ. Ирээдүйд 500 мянган хүнтэй хот байгуулна гэж төлөвлөж байгаа. Энэ хотоо түшиглээд аялал жуулчлалаа хөгжүүлнэ. Мөн эмчилгээний аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой.
Манай бүс нутаг нийт 12 сая малтай. Улсын хэмжээний нийт малын 20 хувь нь манай бүс нутагт байна. Бид мал аж ахуйгаасаа орлого олъё гэвэл экспортоо л нэмэгдүүлэх ёстой. Малын мах, түүхий эдийг олон улсын стандартад нийцсэн байдлаар боловсруулах ёстой. Түүнчлэн босоо тэнхлэгийн авто зам хийгдэх шаардлагатай байна.
Өвөрхангай аймагт олон улсад хүлээн зөвшөөрөгдөх лабораторийг барьж байгуулахаар төлөвлөж байна. Ингэж байж бид нэмүү өртөг шингээж бүтээгдэхүүнээ олон улсад өндөр үнээр худалдаалах боломжтой юм гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.