Бүсийн зөвлөлийн хуралдааныг бүс бүрд зохион байгуулах Засгийн газрын шийдвэрийн хүрээнд “Хангайн бүсийн зөвлөл” анхдугаар хуралдаан өнөөдөр /2025.04.14/ Архангай аймгийн “Ара Арена” цогцолборт болно.
Монгол Улсын Засгийн газар “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ыг тэргүүлэх зорилт болгосон билээ. Энэ хүрээнд Бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааныг бүс бүрд зохион байгуулж, бүсүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, бүс тус бүрд шаардлагатай мега төслийг танилцуулж, хэлэлцүүлэх шийдвэр гарсны дагуу өнөөдөр ийнхүү анхдугаар хуралдаан Архангай аймгаас эхэлж байна.
Хуралдаанаар бүсийн зөвлөлүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, бүсийн хөгжлийн бодлоготой салбарын төлөвлөгөөг нийцүүлэх, бүсүүдийг хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зорилтот хөтөлбөртэй болгох, бүсийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх талаар хэлэлцэж, санал дүгнэлт гаргах ажээ.
Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, төрийн захиргааны байгууллагууд, Хангайн бүсийн Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн төлөөлөл, бүсийн зөвлөлийн гишүүд, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, хангайн бүсийн аймаг, сумдын бүх шатны төрийн байгууллагын төлөөлөл, хувийн хэвшил, олон улсын байгууллага, эрдэмтэд, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 500 орчим төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд зарим шаардлагатай шийдвэрийг газар дээр нь гаргаж, бүсчилсэн хөгжлийн бодлого хурдтай, тууштай хэрэгжих нөхцөл боломжийг олгох аж.
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн шинэ үзэл баримтлалын хүрээнд Хангайн, Баруун, Хойд, Төвийн, Зүүн, Говийн, Улаанбаатарын гэсэн эдийн засгийн 7 бүс тэдгээрийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг баталсан бөгөөд хангайн бүсийг “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс” байхаар төлөвлөгөөнд тусгажээ
Хангайн бүс: Нийт хүн амын 8.4 хувь хангайн бүсэд оршин суудаг бөгөөд бүсийн ДНБ-ийг бүтцээр авч үзвэл хамгийн их хувийг буюу 52.6%-ийг хөдөө аж ахуйн салбар, 32.2%-ийг үйлчилгээ, 15.2 %-ийг үйлдвэрлэл эзэлж байна. Үйл ажиллагаа явуулж байгаа АНН тоо 6,770, дундаж цалин 1.4 сая.төг бөгөөд нийт малын тоо 13.7 сая.толгой байна.
Тус бүсэд “Бүсчилсэн хөгжлийн бодлого” хэрэгжсэнээр:
· Бүс, орон нутгийн эдийн засгийн чиг үүргийг оновчтой тодорхойлно;
· Байгалийн нөөц баялгийг зохистой, өгөөжтэй, хүртээмжтэй ашиглаж, хамгаалж, нөхөн сэргээнэ;
· Үйлдвэр, үйлчилгээг хоршилт, төрөлжилт, дагналт, кластерын бодлогоор дэмжинэ;
· Бүс дамнасан, салбар хоорондын уялдааг хангасан стратегийн төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ;
· Улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл, тусламж, орон нутгийн төсөв, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэрийг оновчтой хуваарилна;
· Бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэн, зах зээлийг тэлнэ;
· Орчин үеийн шинэ суурьшлын бүс, хотуудыг байгуулна.
· Бүс нутгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулна гэж тооцож байна.
Энэ удаагийн “Хангайн бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан”-ы үеэр тус бүсэд ирэх 4 жилд хэрэгжих боломжтой бүсийн чанартай хөрөнгө оруулалтын төслүүдийг орон нутгийн иргэд, хөрөнгө оруулагчдад танилцуулж хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд В2В уулзалт, санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа, аялал жуулчлалын үзэсгэлэн, танилцуулга, брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн, аймгуудын хамтарсан соёл, урлагийн арга хэмжээ, хоршоодын үзэсгэлэн худалдаа зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдах юм байна.
Манай сайт салбар хуралдаанаас шууд дамжуулалт хийж мэдээлэл хүргэх болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.