Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд, Цэсэн боловсролыг дэмжих сан болон ХБНГУ дахь сургалтын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Энэхүү уулзалтад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, ХНЗХ-ийн дарга О.Отгонбаяр, Албаны дарга Б.Одгарьд, “ФАВ сервис” ХХК-ийн гүйцэтгэх захирал Хайко Шюлер, Төслийн дарга Денис Невинский, Цэсэн боловсролыг дэмжих сангийн захирал Д.Энхболд нар оролцлоо.
Уулзалтын эхэнд Ерөнхий захирал Г.Ёндон хэлсэн үгэндээ:
"Юун түрүүнд алс холоос Эрдэнэт үйлдвэрийг зорьж ирсэн та бүхэнд хаврын налгар өдрийн мэнд хүргэе. Манай үйлдвэр улс орныхоо нийгэм эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулдаг. Тус үйлдвэр анх 1978 онд 34 жил ажиллах ТЭЗҮ-ээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Тэгвэл өнөөдөр 47 жил найдвартай хэвийн үйл ажиллагаагаа явуулж ирсэн төдийгүй 2025 онд бид дахиад 55 жил ажиллах үйлдвэрийн нөөцөө тогтоож, ТЭЗҮ хийлгээд байна. Эрдэнэт үйлдвэрт геологийн нөөцөөс гадна хүний нөөц маш чухал. Өнөөгийн геополитекийн, эдийн засгийн нөхцөлд тогтоосон нөөцөө яаж илүү үр ашигтай ашиглах үйлдвэрлэлийн том зорилго тавин ажилладаг. Тиймээс энэ чиглэлд нарийн мэргэжлийн ажилтанг бэлтгэх шаардлагатай. Бид инженер техникийн ажилтнуудаа гадаад, дотоодод сурган бэлтгэж байна. ХБНГУ-ын боловсролын тогтолцооны нэг онцлог болсон мэргэжилтэй ажилтнуудыг бэлтгэдэг арга туршлагыг судалж үзсэн, ингээд та бүхний мэдээллийг сонсъё” гэв.
Дараа нь “ФАВ сервис” ХХК-ийн гүйцэтгэх захирал Хайко Шюлер ХБНГУ-ын боловсролын тогтолцоо, сургалт, стандартын талаар мэдээлэл хийв. Тэрбээр: “Миний бие Эрдэнэтэд дөрөв дэх удаагаа ирж байна. Манайх төрийн бус ашгийн бус байгууллага юм. Залуучуудыг нарийн мэргэжлээр сургах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нөгөө талаар манай байгууллага хүүхэд, залууст 10 жилд байхад нь нарийн мэргэжлийг таниулж ойлгуулах сургалт, сурталчилгааны чиглэлээр ажилладаг. Өөрөөр хэлбэл ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход залууст тус дэм үзүүлдэг. Жилд 3500 хүүхдийг нарийн мэргэжлийн сургуульд хамруулж сургадаг. Үүнээс гадна жил бүр 1000 гаруй хүүхдийг нарийн мэргэжлийн талаар ойлголттой болгоход нь, мэргэжлийн чиг баримжаагаа олоход нь тусалдаг. Түүнчлэн герман хүүхдүүдийг нарийн мэргэжлийн сургуульд хамруулахаас гадна гадаад улс оронтой хамтарч ажилладаг. Мэргэжил эзэмшүүлэх нь тухайн улсын бодлого гэхээс илүү дэлхий нийтийн нэгдсэн бодлого байх ёстой. Энэ утгаараа нарийн мэргэжлийн нэгдсэн стандарттай байх ойлголт маш чухал юм. Бидний гадаад хамтын ажиллагааны улс орон нь Украйн, Казакстан, Киргистан, Монгол. Жилийн өмнөөс Монголын Боловсролын яамтай хамтран төсөл хэрэгжүүлж байна. Энэ ажлын хүрээнд Монгол Улсад нарийн мэргэжлийг танин мэдүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна. Одоогоор онолын үүднээс хэрхэн яаж ажиллах судалгаа хийгдсэн. Улмаар 10 жилийн хүүхдүүдэд нарийн мэргэжлийг танин мэдүүлэх, ойлгуулах хүсэлтэй байгаа учраас танай байгууллагатай хамтран ажиллахад бэлэн байна. Үүний ач холбогдол нь хүүхэд, залуус өөрийн сонирхдог мэргэжлээ сонгоход тус дэм болох юм.
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа энэ төслийг Монголд хэрэгжүүлэх санаачилгыг анх гаргасанд бид баяртай явдаг. Манай улсын боловсролын бодлого хосолсон системээр нарийн мэргэжил эзэмшүүлдэг. Энэ нь Аж ахуйн нэгжүүдэд дадлагаар мэргэжлээрээ ажиллаж суралцах, сургуулийнхаа материалаг бааз дээр түшиглэн онолын мэдлэг эзэмшдэгээрээ онцлог юм” хэмээн ярилаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.