Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хууль зүйн байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар танилцуулав. УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авав.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
-Би зарчмын хувьд энэ хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа. Мөн Өмгөөлөгчийн холбоонд 400 гаруй хүнээс 40 гаруй хүн нь хасагдаж, дийлэнх нь гомдол гаргасан. Мэдээж шалгалтад орохын тулд давхар ажил эрхэлж болдоггүй учраас ажлаасаа гарах болдог. Тэнцэхгүй бол ажилгүй болчихдог. Тэгэхээр мэдээж их сургуульд багшилж, эрдэм шинжилгээний ажил хийхийн хажуугаар өмгөөллийн ажил хийхийг хуулиар зөвшөөрдөг. Гэвч улс төрийн болон бусад ажил хийхийг хориглодог. Нэг асуулт нь энэ заалтаас гадна энэ хуулийг цогцоор нь шинэчлэх, өөрчлөхгүй байсан уу. Цаашид ийм шаардлагууд байгаа юу. Зарим төрлийн гэмт хэргийг өмгөөлж байгаад сүүлдээ өөрөө гэмт хэрэгтэн болох тохиолдол байдаг. Цаад утгаараа өмгөөлөх процесс хэр хуулийн хамгаалалтад байна вэ. Шударга ёсыг сахиулах хэргийн процесст өмгөөлөгчийн эрхийг хэрхэн хамгаалж байна уу?
УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг:
-Асуулт бол тулгамдаж байгаа асуулт мөн. Өмгөөллийн тухай хуулийн 8.6.3 заалт шалгалтад орох гэж байгаа хуульчдын хувьд эрх зүйн байдлыг дордуулсан гэдэг утгаараа зөвхөн энэ заалтыг хэлэлцэж байна. Цаашдаа энэ хуулиа эргэж харах ёстой гэдэг асуудал хөндөгдөж байна. Ажил хөдөлмөр давхар эрхлэх гэдэг заалтыг авч үзэх ёстой. Мөрдөн шалгах ажиллагаанд өмгөөлөгч прокурортой ижил түвшинд оролцож чадаж байгаа юу гэдэг асуудал дээр ч мөн анхаарах шаардлагатай байгаа.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Салбарын зохицуулалт хийж байгаа хуулиудаар хүний эрхийн зөрчил үүсгэж болзошгүй ийм заалтууд байна. УИХ-ын Тамгын газрын хуулийн хэлтэс энэ асуудлыг бүртгэж байгаа. Төрийн албаны хуульд 65 нас дээд хязгаар гэж заасан байхад Шүүхийн хуулиар 60 нас гээд зохицуулчихсан байдаг. Энэ нь нийтлэг байдлаараа хүний эрхийг зөрчиж байна. Үүнийг засъя гэж байгаа гэв.
Ингээд хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонх Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлав.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.