СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьцаатай холбоотой хэргийг дахин шалгуулах нь зөв гэж дүгнэв

Нийтэлсэн
5 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
5 хоногийн өмнө

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн гэх хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр хэлэлцэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр нь үлдээлээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард энэ хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг удирдан хийгээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаах захирамж гаргасан юм.

Өмнө нь буюу 2023 оны арванхоёрдугаар сард дээрх шүүгч урьдчилсан хэлэлцүүлгийн хурал хийгээд үл ялих зүйлээр шалтаглан нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаах захирамж гаргаж байв. Тодруулбал, хэрэгт хоёр ширхэг си ди ирүүлээгүй хэмээн прокурорт буцаахаар болсон байдаг. Мөн яллагдагч, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Худалдаа, хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэг нарт холбогдох хэргийг тусгаарласныг хууль бус, хэргийн бодит байдлыг тогтооход саад болсон гэж үзсэн билээ. Эдгээрийг давж заалдах шатны шүүх үндэслэлгүй гэж үзээд анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон.

Гэвч Д.Дарьсүрэн дахин өөр үндэслэлээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр болсон бөгөөд хохирогчоор тогтоогдсон Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн “Цемент шохой” зэрэг компанийнхан эсэргүүцэн дээд шатны шүүхэд хандсаны дагуу нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцсэн юм. Анхан шатны шүүхээс яллагдагч Худалдаа, хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэгийн холбогдсон хэд хэдэн гэмт хэргийг тусгаарлан түүний үйлдлүүдээс хамааран “Эрднэтийн 49 хувийн” гэх хэрэгт нэгтгэгдэн шалгагдсан “Хөтөлийн цемент шохой” ХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд хамтран оролцсон нэр бүхий яллагдагч нарт холбогдох хэргийг үндсэн хэргээс тусгаарлах нь зүйтэй бөгөөд өөр хоорондоо харилцан хамааралгүй хэд хэдэн гэмт хэргийг нэгтгэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэж хэргийг мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр нь үлдээсэн юм. Учир нь Монгол Улсад байхгүй эрэн сурвалжилж байгаа яллагдагчийг байлцуулахгүйгээр хэргийг нь эцэслэн шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй тул бусад яллагдагч нарт холбогдох хэргийг тусгаарлан шийдвэрлэх нь хуульд нийцнэ хэмээн давж заалдах шатны шүүх дүгнэсэн юм.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг “Монголын зэс корпорац” ХХК-д, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хөрөнгө оруулалтын болон концессын гэрээг байгуулахдаа “Кью Эс Си” ХХК-д давуу байдал үүсгэсэн, “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийг хэт үнэгүйдүүлэн хувьчилсан гэх хэрэгт 2012-2016 оны Засгийн газрын Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Б.Болор, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байгаад Үндсэн хуулийн цэцийн гишүүн болсон Д.Сугар, Ц.Нанзаддорж тэргүүтэй хүмүүсийг яллагдагчаар татсан.

Эдгээр төрийн өндөр албан тушаалтнаас гадна Худалдаа, хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпорац”-ын гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, “Кью Эс Си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Шижир, гүйцэтгэх захирал асан Д.Батжавхлан, тус компанийн нягтлан бодогч Д.Энхтунгалаг, ТӨХ-ны Бүтцийн өөрчлөлт, хувьчлалын газрын дарга байсан Д.Эрэвгийлхам, “Хөтөлийн цемент шохой” ХК-ийн удирдах албан тушаалтнууд болох С.Уранчимэг, Р.Мөнхтуул, менежер Б.Мөнхсоёл, “Бейзмент” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Ч.Энхболд болон “Төмөр замын зураг төслийн институт”, “Кью Эс Си” ХХК-д холбогдуулан НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн билээ.

Түүнчлэн Зам, тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбаттай холбоотой үйлдэлд ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд, ахлах мэргэжилтэн Б.Минжбадам, “Ялгуусан” компанийн захирал Л.Санжаадорж нарыг яллагдагчаар тооцсон билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.