УЕП-оор Б.Жаргалсайханыг улираан томилох асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэв. Ингээд 85 гишүүний саналаар Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томилох санал дэмжигдлээ.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Б.Жаргалсайхан прокурорт амжилт хүсье. Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн баялагтаа эзэн Монгол, Ерөнхий сайдын эхлүүлсэн 5ш ажиллагаа үр дүнд хүрсэн гэж бодож байна. АТГ-ын дарга, прокурорын удирдлагуудын үүрэг өндөр байсан гэж бодож байгаа. Шударга ёсны өлсгөлөн ходоодны өлсгөлөнгөөс илүү харгис байдаг юм гэсэн. Ард иргэд шударга ёсыг л хүсээд байгаа юм. Капитал банканд алдсан Нийгмийн даатгалын сангийн 156 орчим тэрбум төгрөгийн өр барагдуулах ажил бий.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:
-УИХ-ын гишүүд бараг л ахаа намайг бодоорой гэж байна. Өөрсдийгөө ч онигоонд оруулж, нэр дэвшигчээ ч эвгүй байдалд оруулж байна. Миний хувьд хууль хүчний байгууллагад маш их гомдолтой байдаг. Энэ завхарсан тогтолцоонд нь өөрчлөлт оруулахын төлөө ажиллана. Миний хувьд Б.Жаргалсайхан прокурорт хоёр зүйлд эргэлзэж байна. Таны Орлогч С.Алиманцэцэг, Нийслэлийн ерөнхий прокурор Ш.Нямдорж, С.Мөнхгэрэл, н.Пүрэвдагва, Б.Баасанцогт, А.Гансүх нар үнэхээр дураараа эрхэлж байсан гэв.
Чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонх буюу 85 гишүүн Улсын ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг улираан томилохыг дэмжжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.