Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томилох асуудлын намын бүлгүүдэд танилцуулсан билээ. Дөнгөж сая УИХ дахь МАН-ын бүлгийн хурал тарж, тус хуралдаанаар дээрх томилгоог улираан томилохыг дэмжжээ.
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар:
-Бүлгийн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг хэлэлцэж, дэмжих нь зүйтэй гэх шийдвэр гаргалаа.
Монгол улсын Үндсэн хуулийн 56 дугаар зүйлд зааснаар Улсын Ерөнхий прокурорыг УИХ-тай зөвшилцсөний дагуу зургаан жилийн хугацаагаар томилдог. Зөвшилцөх энэ ажиллагаа явагдаж байна. Тэрнээс бус, тэр хүний сайн муу ажилласан гэж дүгнэхгүй. УИХ-ын бүтцийн байгууллага болохын хувьд УИХ дахь намын бүлэг уг асуудлыг авч хэлэлцээд өнгөрсөн зургаан жилийн ажлын үр дүн, мөн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд ирүүлсэн саналыг дэмжсэн шийдвэр гаргалаа.
-Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг 2019 онд Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа томилсон. Өнөөдөр МАН-аас нэр дэвшсэн Ерөнхийлөгчтэй байна. Мөн МАН-ын эрх барьж буй засгийн үед яагаад өмнөх Ерөнхийлөгчийн хүнийг улираан томилж байна вэ?
-Нам санал болгодоггүй. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд ирүүлсэн саналыг УИХ-тай зөвшилцөх хуультай учраас бүтцийн байгууллагын хувьд бүлгээр хэлэлцүүллээ. Үүний дараа байнгын хороо, чуулганаар хэлэлцүүлнэ.
Прокурорын байгууллага бол хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих л үүрэгтэй байгууллага шүү дээ. Мөн шүүхэд төрийг төлөөлөх үндсэн чиг үүрэг хэрэгжүүлдэг. Хорих ял эдлүүлдэг ажиллагаанд хяналт тавьдаг байгууллага. Энэ чиг үүргээ сайн биелүүлсэн гэж бүлэг үзлээ. Бүлгийн хуралдаанд оролцсон бүх гишүүн томилгоог дэмжсэн гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.