Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нар Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонгтой уулзаж, хамтын ажиллагааны санал солилцжээ.
Дэлхийн 180 орны парламентыг нэгтгэсэн тус холбоотой манай улсын парламент сүүлийн жилүүдэд нягт хамтран ажиллаж байна. Тухайлбал, 2022 онд байгуулсан “Монгол Улсын Их Хурал, Олон улсын парламентын холбоо хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” нь хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг талууд уулзалтын үеэр онцолжээ. Санамж бичгийн хүрээнд Монголын парламент анх удаа хүний эрхийн өөрийн үнэлгээг хийсэн нь Ази тивдээ анхдагч болсон байна. Сонгуулийн шинэ тогтолцооны үр дүнд Монгол Улсын парламент 126 гишүүнтэйгээр бүрэлдэж, ирэх дөрвөн жилд эрх зүйн шинэчлэлийг эхлүүлж, баримтлах стратеги төлөвлөгөөгөө баталсан. Уг стратеги төлөвлөгөө нь хүнээ дээдэлсэн, иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалсан үзэл баримтлалыг тусгаж чадсан нь онцлох санаачилга болсныг ОУПХ-ны ЕНБД Мартин Чунгог уулзалтын үеэр сайшааж, дэмжиж ажиллахаа илэрхийлжээ.
УИХ-ын Тамгын газраас ОУПХ-той хамтран “Хүний эрхийн төлөв байдлын үнэлгээний хамтарсан цахим уулзалт-хэлэлцүүлэг”-ийг өнгөрсөн сард зохион байгуулсан туршлагадаа үндэслэн бүс нутгийн хэмжээнд болгож өргөжүүлэх, парламентын цахим шилжилтийг эрчимжүүлэх асуудлын хүрээнд санал солилцжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.