СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч асан Ш.Хавылын хэргийг Дээд шүүх хэлэлцэхгүй

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 долоо хоногийн өмнө

Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Ш.Хавылд холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх хурлаар хэлэлцүүлэх, эсэхийг өчигдөр шийдвэрлэлээ. Тэрбээр УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд асан Х.Баделханы хамаарал бүхий “Жол” компанид давуу байдал олгосон хэрэгт холбогдсон юм.

Тус аймгийн Өлгий сумын IV багийн нутаг, Ховд голын эрэг дэх усан сан бүхий газраас хайрга олборлуулахаар 2019 оны зургаадугаар сарын 28-нд А/481 дугаартай Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглаж, нөхөн сэргээлт хийх зөвшөөрөл олгох тухай захирамж гаргаж, хайрга олборлох, байгаль орчныг нөхөн сэргээх тусгай зөвшөөрөлгүй “Жол” ХХК-нд албан тушаалаа урвуулан ашиглаж, давуу байдал бий болгосон гэдэг. “ аж.

Ийнхүү байна.

Баян-Өлгий аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ш.Хавылд холбогдох хэргийг 2024 оны арваннэгдүгээр сард хэлэлцээд албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэм буруутайд тооцон төрийн албанд хоёр жил дөрвөн сарын хугацаагаар ажиллах эрхийг нь хасан, 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ. Мөн хариуцагч “Жол” ХХК-иас байгаль орчинд учирсан хохиролд 41.7 сая төгрөг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд олгуулахаар шийдвэрлэсэн байна. Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг өнгөрсөн хоёрдугаар сард хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээв.

Тэгвэл өчигдөр Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчид Ш.Хавылын өмгөөлөгч Я.Сьезд, Н.Нарантуяа нарын гаргасан гомдлыг хянасан юм. Улмаар тэдний гаргасан гомдлын үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй гэж үзсэн байна.

Ингэснээр Ш.Хавылд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлал хүчин төгөлдөр болж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.