Дэлхийн 100 гаруй орны иргэд жил бүрийн дөрөвдүгээр сард сайн дурын үндсэн дээр нийгмийн сайн сайхны төлөө нийтэд тустай ажил өрнүүлж "Good Deeds day” буюу “Сайн үйлсийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил өсвөр үе, залуучуудын эрүүл амьдралын зан үйлийг сурталчлах зорилгоор "Teenage Life Style" уриан дор уг өдрийг төв талбайд тэмдэглэн өнгөрүүлж байна.
НЗДТГ, Монголын сайн дурынхны төв болон бусад байгууллагууд хамтран зохион байгуулсан уг арга хэмжээнд сайн дурын 1500 гаруй өсвөр үеийн хүүхэд залуус оролцож байна. Мөн энэ үеэр доорх сэдвүүдийн хүрээнд асар байгуулж, хүүхдийн эрүүл амьдралын хэв маягийн талаар мэргэжлийн хүмүүс зөвлөгөө, мэдээлэл хүргэв. Тодруулбал,
Эрүүл зөв хооллолт
Дасгал хөдөлгөөн
Сэтгэл зүйн эрүүл мэнд
Хорт зуршил зэрэг сэдвийн талаар мэдээлэл хүргэсэн юм.
Арга хэмжээг нээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн боловсрол, эрүүл мэнд хариуцсан зөвлөх Б.Сэмжидмаа “Олон улсын тогтвортой хөгжлийн зорилгод сайн үйлсээр дамжуулан эв нэгдэлтэй, улс орны зөв ирээдүйг бэлтгэх нь чухал гэдгийг онцолсон байдаг. Тэр ч утгаараа цаашид бодлогын түвшинд энэ төрлийн үйл ажиллагааг дэмжинэ” гэдгээ илэрхийллээ.
Монголын сайн дурынхны төвийн үүсгэн байгуулагч Б.Цэвэлмаа “Нийт сайн дурынхны оролцоотойгоор өсвөр үеийн хүүхэд залуучуудад эрүүл амьдралын дадал зуршлыг төлөвшүүлэх, эерэг зан үйлд уриалах, олон нийт, эцэг эхчүүдийн анхаарлыг өсвөр үе хүүхэд залууст хандуулах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор уг өдрийг зохион байгууллаа” гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.