СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-04-06

Туул голын үер 100 жилд нэг удаа давтагддаг...

Нийтэлсэн
22 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
22 цагийн өмнө

Улаанбаатар хотод 1966 оны үерээр Туул гол үерлэж, хотын төв болон голын хоорондох бүх хөндийгөөр үерийн ус хальж, Үйлдвэр комбинат, 120 мянгат тэр чигээрээ усанд автаж байсан гашуун түүхтэй. Уг үер нь 100 жилд нэг удаа давтагддаг бөгөөд дараагийн давтамж ойрын жилүүдэд хэзээ мөдгүй болоход ойрхон байгаа.

Гэтэл 2023 оны долоодугаар сард Сэлбэ гол мөн үерлэж иргэдийг ч, ихэс дээдсийг ч сандаргаад авсан. Тэр үед “жинхэнэ” нүцгэн гараараа л үертээ тэмцэж байлаа. Ухаарч шийдэл хайж эхэлсэн цаг нь энэ үе. Улмаар тухайн үеийн хотын дарга Д.Сумъяабазарын тушаалаар Сэлбэ голын үерийн асуудлыг шийдэхийн тулд “Сэлбэ сэргэлт” гэх бүрэн хэмжээний төслийн зураг төслийг боловсруулж эхэлсэн. “Сэлбэ сэргэлт” төслөөр үерийн далан, зам, гүүр, нүхэн гарц, тохижилт, газар чөлөөлөлт, инженерийн шугам сүлжээг цогцоор нь барьснаар 2023 оны долоодугаар сарын үерээс 5-7 дахин их хэмжээний аюултай 1966 оны үер шиг үерээс урьдчилан сэргийлнэ гэж үзсэн байдаг.

“Сэлбэ сэргэлт” төслийн эхний ээлжийн ажил бол Сэлбийн 1.4 км урт үргэлжлэх төмөр бетон түшиц хана бүхий далан байгуулах юм. Энэ ажлыг одоогийн хотын дарга Х.Нямбаатар албан тушаалаа авснаас хойш эрчимтэй хэрэгжүүлсэн. 2024 оны зургаадугаар сард түшиц хана бүхий далан барих компанийг шалгаруулж, “Билгүүн Монгол констракшн” ХХК зургаадугаар сарын 20-нд барилга угсралтыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар ажлын явц 80 орчим хувьтай, 1.4 км урт далангаас нэг км-ийг нь барьсан. Үлдсэн ажлыг ирэх зургаадугаар сарын 30-нд дуусгахаар төлөвлөжээ.

Богино хугацаанд Монголд өмнө нь байгаагүй инженерийн хийцлэлтэй, их хэмжээний үерээс хамгаалж чадах далан босгосон нь Сэлбийн үерийн хамгаалалтын далан юм. Тус далан нь 1.4 км урт, 4.1-6.1 метр өндөр, төмөр бетонон хийцтэй. Газар доогуур 1 метр 50 см түшиц хана байршсан. Өөрөөр хэлбэл, тус далангийн өндрийн хэмжээ болон хийцлэл нь 1966 оны үер шиг үерийг нэвтрүүлэхгүй барьж чадна. Мөн далангийн түшиц хананы гадна талаар 2.3 метр шороон дүүргэлт хийж нягтруулна. Явган болон дугуйн зам зэрэг тохижилтын ажлыг үргэлжлүүлэн хийх төлөвлөлттэй аж.

Энэхүү Сэлбийн үерийн далан бол 1966 оны үер шиг их үерээс Улаанбаатар хотыг хамгаалж чадах одоогийн байгаа цорын ганц далан болж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.