УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатарыг Улсын дээд шүүхээс албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр 20 сая төгрөгөөр торгож, хоёр жил нийтийн албанд ажиллах эрхийг нь хассан шийдвэр гаргасан билээ.
Иймд дээрх УИХ-ын гишүүнийг бүрэн эрхээс нь чөлөөлөх асуудал хуулийн маргаан дагуулж байгаа. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ “Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн хуульд өөрчлөлт оруулах замаар Д.Цогтбаатар гишүүнийг чөлөөлөх эрх зүйн орчин бүрдэнэ” хэмээн мэдэгдээд буй юм.
Дээрх асуудалд АН-ын Хуулийн бодлого хариуцсан нарийн бичгийн дарга, хуульч О.Баасанхүү өөр байр суурьтай байгаа юм.
АН-ын Хуулийн бодлого хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү:
-Нэгдүгээрт, УИХ-д Д.Цогбаатар гишүүн намын жагсаалтаар ороогүй. Нийт 40-50 мянган иргэний санал авч сонгогдсон. Тэгэхээр сонгогчдын эрхийг хангах асуудлыг харах ёстой. Хоёрдугаарт, 1995 онд ийм хуулийн заалт хэрэгжиж байсан. “УИХ-ын гишүүнийг шүүх гэм буруутай гэж тогтоосон бол тухайн шүүхийн шийдвэрийг Улсын Дээд шүүхийн шүүгч танилцуулсанаар бүрэн эрх нь дуусгавар болсонд тооцно” гэдэг ойлголт байсан. Үүнийг тухайн үеийн УИХ-ын гишүүд хүчингүй болгосон. Хүчингүй болсон учраас шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон гишүүнийг хэрхэх вэ гэдэг хууль байхгүй болсон.
Тэгэхээр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн хуульд өөрчлөлт оруулах шинэ хууль бичих нь гарцаагүй болчихлоо. Энэ хуулийн өөрчлөлтөөр шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон бол дараа дараагийн хүмүүст үйлчлээд явна гэсэн үг. Гэхдээ хуулийн өөрчлөлтийг баталлаа гэж бодоход Д.Цогтбаатар гишүүнд эргэж үйлчлэх үү гэдэг асуудал яригдаад байна. Яагаад гэвэл, хууль эргэж үйлчилнэ гэвэл өмнөх бүх хуулиуд хүчингүй болно шүү дээ. Хэрвээ хууль эргэж үйлчлэхгүй гэвэл энэ төлөөллийг байлгахаас өөр аргагүй.
Д.Цогтбаатарын асуудлыг ярихаас гадна УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлыг ярих ёстой. Э.Болормаа нь гадаадын хөрөнгө оруулалттай компаниас сонгуулийн хандив авсан нь аудитын байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон гэж ойлгож байгаа. Тиймээс Сонгуулийн ерөнхий хороо энэ гишүүнийг буцаан татах асуудлыг УИХ-д оруулж ирэх шаардлагатай гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хулгайчууд өөрсдийгөө хаацайлах юмаа хуулинд сайн суулгаж өгсөн байх юм аа