Бодибилдингийн спортод дурласан 58 настай эмэгтэй П.Ууганбаяртай ярилцлаа. Тэрбээр нягтлан бодогч мэргэжилтэй, хоёр хүүхдийн ээж, гурван хөөрхөн зээгийн эмээ. Тэтгэвэрт гараад “Би ингээд л хөгширчихлөө” гэж бодох бус “Одоо л өөрийгөө хайрлах цаг боллоо” хэмээн бодож, фитнессээр хичээллэж эхэлжээ.
Ингээд анхны тэмцээн болох бодибилдингийн спортын хотын аваргын тайзнаа гарч, мэргэжлийн тамирчидтай мөр зэрэгцэн, 26 цаг дусал ч ус уулгүй хүч хөдөлмөр гаргаж чадсан байна.
Түүний видео ярилцлагыг энд дарж үзнэ үү
58 настай иргэн П.Ууганбаяр:
-Намайг Пүрэвийн Ууганбаяр гэдэг. 58 настай. Нягтлан бодогч мэргэжилтэй. Би нэг хүү, нэг охинтой. Фитнессээр хичээллээд жил долоон сар болж байна. Манай хүүхдүүд маш эергээр хүлээж авч байгаа. Манай зээ нар хүртэл “Эмээ яасан хөөрхөн юм бэ. Гоё юм бэ” гээд байгаа шүү дээ. Анх тэтгэвэрт гарахын өмнө л хараад байдаг байсан. “Энэ ямар гоё спорт вэ. Хүмүүсийн бие бялдар нь яасан гоё юм. Энэ охид ямар гоё биетэй юм. “Ер нь тэтгэвэртэй гараад жаахан завтай болохоороо л энэ спортоор хичээллэнэ дээ” гээд бодоод л хараад яваад байдаг байсан.
Энэ спортод дуртай болохын нэг шалтгаан нь өдөр бүр толинд харах тусам өөрөө өөртөө таалагдаж эхлээд байгаа. Залуу 25-30 насандаа байсан галбиртаа очоод байгаа юм болов уу. Ер нь энэ спортыг хаяхгүй гэж бодож байна.
“Ирээдүйн мистер-2025” хотын аварга шалгаруулах тэмцээний хувьд эрэгтэй, эмэгтэй бүх хүмүүсээс хамгийн ахмад настай нь би байсан. Ер нь бол өөр шигээ настай хүнийг хараагүй. Энэ тэмцээнд орж байгаа миний зорилго медаль огтхон ч биш. Гол нь өөр өөрийнхөө биеийг бүтээж байгаа байдал. Өчигдрийн би өнөөдөр ямар болж вэ гэдэг л миний зорилго. Жил долоон сарын дараа ямаршуу бие бялдарыг бүтээсэн байна. Энэ хугацаанд өчнөөн хүч хөдөлмөр, цаг хугацаа, тэвчээр, хатуужил, сахилга бат зөндөө их юм зориулж байгаа шүү дээ. Түүний дараагаар би ямаршуу биеийг бүтээж вэ гээд өөрийгөө хараад л өөрөөрөө бахархаж байсан.
Тамирчин ямар байдаг уу яг тэр амьдралаар сүүлийн нэг сар амьдарсан. Өмнөх оройны 6 цагаас тэмцээн дуусахад хамгийн сүүлийн гараа дээрээ 8 өнгөрч байхад гарсан. Тэр хүртэл би дусал ус ч балгаагүй. Ер нь 26 цаг яг ус уугаагүй гэж хэлж болно. Дээрээс нь хэвлийгээ татаад, нуруугаа хотойгоод инээмсэглээд тэр 12см-ын өндөр өсгийт дээр зогсоно гэдэг бас л хүнд шалгуур байсан даа.
Би 29 наснаас хойш л хоёр хүүхэдтэйгээ, нөхрөөсөө салсан. Бидний үеийнхэн чинь зах зээлийн үе гээд жоохон эрээн бараан амьдралыг туулсан. Тэр үед манай насныхан нэлээн салж сарниж байсан. Тэгээд л тэр үеэс хүүхдүүдээ өсгөх гээд л сургууль соёл төгсгөх гээд л. Ер нь өөрийгөө анхаарах зав гараагүй дээ. Тэгээд хүүхдүүд маань сургууль соёлоо төгсөөд бас нэг амьдралдаа хүрээд, би ч тэтгэвэрт гарах боллоо. Тайвшраад ямар ч санаа зовох асуудалгүй болоод. Одоо өөр өөрийгөө бодох цаг боллоо гээд л.
Тэтгэвэрт гарангуутаа би ер нь хөгширсөн гэдэг сэтгэхүйтэй байдаг. Үгүй шүү дээ. 55-60 нас хүний залуу нас гэж би боддог. Тэтгэвэрт гарахынхаа алдад би бас шинэ амьдрал эхэлж байна гэж өөртөө бодсон. Шинэ зорилго тавиад шинэ зүйлийн төлөө амьдарна даа гэж зорилго тавьсан. Яг тэрүүгээрээ л явж байна.
Монголчууд хүүхдийнхээ төлөө явсаар байгаад л дараа нь тэтгэвэрт гарахын алдад ач, зээгээ хараад л нэг мэдэхэд ямар нэгэн өвчтэй, сахрын өвчтэй, хөдөлгөөний дутагдалтай, үе мөчний өвчтэй болоод л хадгалсан хэдэн төгрөгөө өвчиндөө өгсөөр байгаад л амьдрал ер нь богинохон болчихоод байгаа шүү дээ.
Толгой дээр чинь асар их ачаалал байдаг. Үр хүүхдээ өсгөнө. Хоол ундаа хийнэ. Гэр орноо цэвэрлэнэ. Ямар ч байсан өөртөө цаг гаргаарай л гэж хэлмээр байна. Нэгдүгээрт өөрийгөө бодоорой. Эмэгтэйчүүд биеэ хайрлалаа гэхээрээ илүүлж массаж хийлгэдэг. Тэр бол гоё. Гэхдээ дасгал хөдөлгөөнд цаг гаргаарай. Тэр чинь л өөрөө өөрийгөө хайрлаж байгаа шүү.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.