СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Алтайн хүдэр”-ээс байгаль орчинд учруулсан хохирлын төлбөрт 10.8 тэрбум төгрөг гаргуулна

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 хоногийн өмнө

Алтайн сүрлэг уулсын дундах буйдхан нэгэн чөлөөнд хүчит техникийн дуу хүн нэж, хөндий дагасан говийн эмзэг хөрсийг эргүүлэн, тоос шороо босгон хуйлруулах нь тэнд уурхай ажиллаж байгаагийн илрэл. Найман зууны тэртээд талын нүүдэлчид дотор томоохонд тооцогдох Найман аймгийнхан, тэр дундаа Таян хан нь нутаглаж байсан газар бол өнөөгийн Таянгийн нуруу бөлгөө. Ар, өврөөрөө араатан жигүүртэн, ан аваар арвин энэ нуруу өнөөдөр уул уурхайнхны балгаар нутаглах амьтангүй, элээ, хэрээнээс өөр жигүүртэнгүй шахам болсон ньтэндээс төмрийн хүдэр олборлож, зэргэлдээх Алтайн сумын нутгаар дамжуулан хилийн Бургастай боомтоор БНХАУ-ын талд аваачин худалдаж буй “Алтайн хүдэр” ХХК-ийн хуулийг үл ойшоосон үйл ажиллагаатай холбоотой гэхэд хилсдэхгүй. Тус компанийн үйл ажиллагаанаас үүдэж, олон жилийн турш байгаль орчинд их хэмжээний хохирол учирч, мал, амьтан, ургамал сүйдэх болсон. Төмрийн хүдрээ хүнд даацын автомашинаар шороон замаар тээвэрлэдэг нь Говь-Алтай аймгийн Цээл сумаар тогтохгүй Алтай сумын экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулдаг байсан юм. Тиймээс тус компанийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй байгаль орчинд учруулсан хэмээн “Байгаль орчны төлөөх хуульчдын холбоо” төрийн бус байгууллага, Говь-Алтай аймгийн Цээл сумын иргэд, тус сумын Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн байгуулсан “Шинэ зууны Цээл” төрийн бус байгууллагынхан шүүхэд 2016 онд нэхэмжлэл гаргаж байв.

Эл хэргийг Улсын дээд шүүх өнгөрсөн долоо хоногт хэлэлцэн эцэслэн, шийдвэрлэлээ. Үүнээс өмнө “Алтайн хүдэр”-ийнхэн Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны өрөнд ашиглалтын тусгай зөвшөөрөл, баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжөө алдахдаа хүрч, дуудлага худалдааны зар нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд нийтлэгдэж байв. Тус компани 2012 онд Таяннуурын уурхайг хөгжүүлэхэд зориулж авсан 30 сая ам.долларын зээлээ төлж чадаагүйтэй холбоотойгоор ийм явдал болсон талаар бид өмнө нь уншигчдадаа хүргэсэн. Тодруулбал, Лондоны олон улсын арбитрын шүүхийн шийдвэр 2017 оны дөрөвдүгээр сарын 13-нд гарч, “Алтайн хүдэр” ХХК-иас нийт 31 170 540 ам.доллар, 15 736 евро, 1 138 549 фунт стерлинг гаргуулж ЕСБХБ-нд олгохоор болсон байдаг.

“Алтайн хүдэр” ХХК-ийг үүсгэн байгуулагч, Тээвэр хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Раднаабазарын Базарыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 15-наас хууль сахиулах байгууллагынхан шалгаж эхэлсэн ч өнөөдөр хэрхсэн нь тодорхойгүй болсон. Зарим хэвлэлд гарч буй мэдээллээр Р.Базар хилээр гарах эрхээ сэргээлгэн гадаад орныг зорьсон тухай ч бичиж байна. Дуулиан тарьж байсан ч дараа дараагийн сенсацад дарагдан мартагдах шахаж буй Р.Базар нарт холбогдох хэрэг ямар шатанд байгаа талаар нэхэн сурвалжилснаа хүргэе.

НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БАРЬЦАА ТУШААГААД ХИЛЭЭР ГАРЧ ЯВСАН ГЭВ ҮҮ

ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас 2024 оны дөрөвдүгээр сарын 15-нд “Бүрдэл майнинг”, “Алтайн хүдэр” ХХК, Тээвэр, хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Р.Базар, “Алтайн хүдэр”-ийн гүйцэтгэх захирал В.Бат-Эрдэнэ тэргүүтэй хүмүүсийг шалгаж эхэлсэн билээ. Тэднийг  тодорхойгүй мөнгөн хөрөнгөөр “Кредит” болон бусад арилжааны банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх байдлаар хувиргаж мөнгө угаасан байж болзошгүй, Сүхбаатар, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2021 оны есдүгээр сараас 2023 оны арваннэгдүгээр сар хүртэлх хугацаанд бусдаар гадаадын цахим мөрийтэй тоглоомд бооцоо тавиулж, их хэмжээний мөнгөө алдсан гэх шалтгаанаар бусдын биед халдаж, зорчих эрхийг нь хууль бусаар хязгаарлан заналхийлсэн зэрэг хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь тухайн өдрөө олон нийтийн сүлжээ, мэдээллийн хэрэгслийн дуулиант үйл явдал болж байв.

Бидэнд олдсон мэдээллээр Р.Базар тэргүүтэн танил, найз нөхдийнхөө нэр дээр “Кредит” банканд гадаад орноор дамжуулан угаасан мөнгөө хөрөнгө оруулсан мэтээр шилжүүлж хувьцааг нь худалдан аваад эцэст нь үйл ажиллагааг нь зогсоож, Тээвэр хөгжлийн банктай нэгтгэх хүсэлт Монголбанканд хүргүүлсэн аж. “Алтайн хүдэр” ХХК-иас улбаатай 17.3 сая ам.долларыг евро болгон хувиргаж ийнхүү “Кредит” рүү оруулсан гэх. Эл үйлдэлд нь Р.Базар, В.Бат-Эрдэнэ нарт Эрүүгийн хуулийн 18.13-1 дэх хэсгийн “Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг хууль бусаар бүрдүүлсэн”, 18.6-1-ийн мөнгө угаасан гэх заалтыг үндэслэн яллагдагчаар татсан аж.

Түүнчлэн Тээвэр хөгжлийн банканд ч эх сурвалж нь тодорхойгүй 30-аад сая ам.долларын хөрөнгө оруулалтыг Р.Базар хийж, хувьцааг нь 2018 онд худалдан авсан. М.Тэмүүжин хэмээн бизнесийн хамтрагч нь тус банкны хувьцаагаа бэлэглэлийн гэрээгээр Р.Базарын хамаарал бүхий хүнд шилжүүлсэн гэх мэдээлэл бий. Эдгээрийг хууль сахиулах байгууллагад нарийвчлан шалгаж Монголбанкны шинжээчдээр дүгнэлт гаргуулахаар болоод буй гэнэ. Тэгвэл энэ хооронд яллагдагчаар татагдсан Р.Базар, В.Бат-Эрдэнэ нар таслан сэргийлэх арга хэмжээгээ өөрчлүүлэх хүсэлт шүүхэд хүргүүлсэн байна. Улмаар Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн хоёрдугаар сард Р.Базарын хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөхгүй байх шийдвэр гаргажээ. Өөрөөр хэлбэл, хилээр гарах эрхийг нь хязгаарласан шүүгчийн захирамжийг хэвээр нь үлдээсэн аж. Гэвч Р.Базар болон түүний өмгөөлөгч нар тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиунд хандан гомдол гаргаснаар хүсэлтээ шийдвэрлүүлж чадсан байна. Тус шүүхийн эх сурвалжуудын мэдээлснээр Р.Базараас нэг тэрбум төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авч, хилээр гарах эрхийг нь сэргээсэн шийдвэр Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун гаргаснаар уг мөнгийг шүүгчийн захирамжид дурдсан дансанд Р.Базар тушаасан гэнэ. В.Бат-Эрдэнэ нь ч ялгаагүй эрүүл мэндийн шалтгаанаар хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээгээ өөрчлүүлэх хүсэлт шүүхэд хүргүүлж, 100 сая төгрөгийн барьцааг тодорхой дансанд тушаасан аж. Ингэснээр дээрх хоёр яллагдагч хилийн чанадыг зорьсон нь тодорхой болов.

168.3 КМ АВТО ЗАМ БАРИХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙГ ШҮҮХ ТОГТООВ

“Алтайн хүдэр” ХХК 2008 оноос Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг дахь Таяннуурын төмрийн хүдрийн уурхайг ашиглах, олборлох, баяжуулах, тээвэрлэх үйл ажиллагааг явуулж буй. Тус компани тэнд баяжуулах зургаан үйлдвэр барьсан, шороон замаар баяжмалаа тээвэрлэх болсноор тухайн орчны тоосжилт маш их болсон байдаг. “Алтайн хүдэр”-ийнхэн техник, эдийн засгийн үндэслэл, Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ зэрэг баримт бичигтээ  дээрх уурхайгаас Алтай сумын нутаг дахь хилийн Бургастай боомт хүртэл баяжмал тээвэрлэх зориулалттай хатуу хучилттай авто зам барина, байгаль орчинд хор хөнөөлгүй үйл ажиллагаа явуулна гэж тусгасан. Гэвч ТЭЗҮ, орон нутагтай байгуулсан гэрээ зэргээ зөрчин он удаан жил орон нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг уландаа гишгэсэн хэмээн нутгийн уугуул иргэн Ц.Амьбөх, Д.Буянхишиг, Х.Уранбилэг нар “Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбоо” ТББ-ынхантай хамтран шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. 2016 онд гаргасан уг нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэх гэж олон жил болсны эцэст өнгөрсөн долоо хоногт Улсын дээд шүүхээр эцэслэлээ. Энэ хугацаанд уугуул нутаг, угаасан усныхаа төлөө тэмцэж явсан нэхэмжлэгч нарын нэг нь шүүхийн эцсийн шийдвэрийг сонсож чадалгүй таалал төгссөн байх юм. 

Дээрх нэхэмжлэлд “Алтайн хүдэр” ХХК-ийн 2007-2013 онд төмрийн хүдэр тээвэрлэн хилээр гаргах үед үүссэн тоосжилт байгаль орчинд хохирол учруулсантай холбоотойгоор нийт 10.8 тэрбум төгрөг гаргуулахаар хандсан аж. Тодруулбал, Таяннуурын төмрийн хүдрийн уурхайн тэсэлгээ, түүнийг бутлах, шигших, ангилан ялгах, угаах, 80-120 тоннын даацтай автомашинаар тээвэрлэх үеийн дуу чимээ, шороо тоосноос байгаль орчин бохирдон, нутгийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх болсон. Энэ уурхайн үйл ажиллагааг явуулахад олон улсын стандартын дагуу авто зам тавихаар тусгасан ч өнөөдрийг хүртэл түүнийгээ хэрэгжүүлээгүй. Уг нь сумуудад зам тавихаар газар олгосон байдаг. Гэвч “Алтайн хүдэр” ХХК зам тавих гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх талаар ямар нэгэн санаачилга гаргахгүй байгаа тул Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар учруулсан хохирол, нөхөн сэргээлтийн зардал болох ургамлын нөмрөгт учруулсан хохиролд 5.5 тэрбум, газрын хөрсөнд учруулсан хохиролд 3.2 тэрбум, нөөцөд учруулсан хохиролд 549 600, агаарын чанарт учруулсан хохиролд 1.5  тэрбум, техникийн нөхөн сэргээлтэд 30.4 сая, биологийн нөхөн сэргээлтэд 331.9 сая, хохирол тооцсон ажлын зардал 10 сая гээд нийт 10.8 тэрбум гаруй төгрөгийг Байгаль хамгаалах санд оруулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан аж. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх иргэн Ц.Амьбөх, Д.Буянхишиг, Х.Уранбилэг болон “Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбоо” ТББ-ын нэхэмжлэлийн дагуу үүсгэсэн хэргийг 2024 оны гуравдугаар сарын 15-нд хэлэлцээд “Алтайн хүдэр” ХХК-иас байгаль орчинд учруулсан гэм хорын хохиролд 10 тэрбум 803 сая 232 мянга 289 төгрөг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах, мөн тус компаниас улсын тэмдэгтийн хураамжид 54.1 сая төгрөг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ. Гэвч “Алтайн хүдэр” ХХК-ийнхан анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг энэ оны нэгдүгээр сарын 3-нд хэлэлцсэн байна. Улмаар “Алтайн хүдэр”-ээс гаргуулах нөхөн төлбөрийн хэмжээг бууруулсан юм. Өөрөөр хэлбэл, ургамлын нөмрөгт учирсан хохиролд 1.1 тэрбум, газрын хөрсөнд учирсан хохиролд нэг тэрбум гаруй, нөөцөд учирсан хохиролд 183 200, агаарын чанарт учирсан хохирол 1.5 тэрбум гэж тооцон, нийт 3.8 тэрбум гаруй төгрөгийг тус аж ахуйн нэгжээс улсад оруулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн аж. Тэгвэл Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн гуравдугаар сарын 25-нд нэхэмжлэгч, хариуцагч талын төлөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хэлэлцлээ. Ингээд анхан шатны шүүх байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тогтоохтой холбоотой Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэн тус шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгов. “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.1-д байгаль орчинд учруулсан хохирлын бүрдлийг, мөн зүйлийн 4-т хохирлын хэмжээг хэрхэн тодорхойлох аргачлалыг тогтоосон байх ба хариуцагч нь гэрээ, холбогдох бусад баримт бичигт заасан хугацаанд төмрийн хүдрийг хүнд даацын автомашинаар тээвэрлэн зөөх хатуу хучилттай авто замыг барих үүргээ биелүүлээгүйн улмаас байгаль орчинд хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон. Түүнчлэн байгаль орчинд учруулсан хохирлыг хэмжээг тодорхойлохдоо эрх бүхий этгээдээс баталсан аргачлалын дагуу мэргэшсэн үнэлгээчний тогтоосон экологи-эдийн засгийн үнэлгээг 2-5 дахин нэмэгдүүлж байгаа нь гэм хорын эрх зүй дэх бодит хохирлыг арилгуулах ерөнхий хандлагаас ялгаатай. Энэ нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тэнцэлтэй уялдуулах, өнөө болон ирээдүйн үеийнхний ашиг сонирхлын үүднээс байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, жам ёсны боломжтойг нь нөхөн сэргээхэд чиглэсэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн үндсэн зорилготой нийцэх бөгөөд хүний үйлдлийн улмаас гэмтэж, доройтсон байгаль орчин, ургамал, амьтан, ус, газрын хэвлий, хөрс, экологийн орчин анх байсан тэрхүү төрхөөрөө эргэн төлжих боломжгүйг анхаарах шаардлагатай” хэмээн Дээд шүүх тодорхойлон дүгнэснээр “Алтайн хүдэр”-ийнхэн 10.8 тэрбум гаруй төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд тушаах шүүхийн эцсийн шийдвэр гарлаа. Харин өдгөө түүнийг хэрхэн, яаж биелүүлэх нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхны ажил болж үлдэв. Уг мөнгийг тус санд бүрэн гүйцэд тушаалгаснаар Говь-Алтай аймгийн Цээл, Алтай зэрэг сумын байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг төр хариуцан хийлгэнэ гэсэн үг.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.