СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-04-01

Намууд нэгдэж Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдээд эхэллээ

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 хоногийн өмнө

Монголын улс төр дэх жижиг намуудын хөдөлгөөн төдийлэн анхаарал татаад байдаггүй юм. Тэртээх 1990-ээд он, түүнээс хойшх он жилүүдэд байгуулагдаад, түүнээс хойш үйл ажиллагааны хувьд өргөжиж тэлдэггүй олон жижиг нам байдаг. Тиймээс улс төрийн сонгууль дөхөхөөр амилдаг тэдгээр намынхны хэлж, хийгээд байгаад олон нийт онцын ач холбогдол өгдөггүй нь нууц биш болсон. Нөгөө талд, Монголын улс төрийн МАН, АН хоёр л тодорхойлсоор ирсэн.

Тэгвэл энэ удаад нэгэн жижиг намын “хөдөлгөөн” нэлээд анхаарал татаж байна.

Өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд ШИНЭ нам АН-д нэгдэх шийдвэрийг гаргаснаа зарласан. Тэгэхэд ШИНЭ намынхан “…Сар шинийн босгон дээр ШИНЭ намынхан улс орныхоо төлөө, ардчиллын төлөө Ардчилсан үзэл баримтлалтай намуудыг түүчээлж, АН-тай хамтарч Монголын улс төрийн салбарт анхаарна. Өнгөрсөн оны сонгуульд манай ШИНЭ намд 70 мянга гаруй сонгогчийн саналыг авсан. Харин МАН-д 510 мянга, АН-д 440 мянган сонгогч саналаа өгсөн. ШИНЭ нам болон АН-ын саналыг нэгтгэхэд 510 мянган санал буюу МАН-тай тэнцэнэ. Тиймээс бид “…Улс орны хүний эрх, шударга ёсны төлөө хамтдаа улс төрд зүтгэх ёстой юм байна” гэсэн агуулгаар хоёр нам нэгдэж, нийгмийн тогтолцоонд өөрчлөлт оруулахаар шийдлээ.

Манай ШИНЭ намынхан 1992 оны ардчилсан хувьсгалд оролцож явсан хүмүүс байдаг. ШИНЭ намын үзэл санаа бол үндэсний ардчиллыг бэхжүүлж, иргэн төвтэй монгол төрийг байгуулах, байгалийн баялгийг ард иргэдэд хүртээх аж үйлдвэржсэн эдийн засагтай шинэ Монголыг байгуулах гэсэн гурван гол зарчимтай. АН, МАН-тай хамтарсан Засгийн газар байгуулж, бидний дэвшүүлж байсан зорилтуудыг хэрэгжүүлээд явж байгаад талархалтай байна. Баялгийн сангийн тухай хууль гарч байгалийн баялгийг ард иргэдэд хүртээж байгаад баяртай байгаа бөгөөд хамтарсан Засгийн газрыг дэмжиж байна. Иймд энэ зорилгын дор АН-тай нэгдэж, цаашдаа хамтран улс төрийн сонгуулиудад оролцох хүсэлтэй байгаа” гэсэн.

Тэр үеэр АН-ын генсек Н.Ганибал “…АН-ын улстөрийн зөвлөл, ШИНЭ намын Гүйцэтгэх зөвлөлөөс ажлын хэсэг байгуулсан. Хоёр ажлын хэсэг зарчмын бүхий л асуудал, шийдвэр дээр нэгдлээ. Могой жилдээ намууд эцсийн шийдвэрээ гаргаснаар АН дээр ШИНЭ нам нэгдэх нь бүрэн шийдэгдэнэ” гэж байсан юм.

Улмаар, уржигдар ШИНЭ намын ээлжит бус IV Их хурал болжээ. Түүгээр АН-д нэгдэх шийдвэрээ баталсан байна. ШИНЭ намынхны хуралдээр АН-ын генсек Н.Ганибал очиж “…АН, ШИНЭ намын нэгдэл бол нэг удаагийн улс төрийн үйл явдал бус, Монголын ардчиллын хувь заяаг шийдэх хариуцлагатай шийдвэр юм” гэжээ. Мөн ШИНЭ намын дарга Ц.Гантулга “…Энэхүү нэгдэл нь илүү хүчирхэг, хариуцлагатай улс төрийн хүчин бий болоход чухал түлхэц болно” гэсэн байна.

Зарим зүгээс “…Засагт хамтарч, сөрөг хүчний байр суурийг үгүй хийлээ” гэсэн шүүмжлэлийг хүртэж буй АН-ынхан ингээд бас нэг жижиг намыг өөртөө нэгтгэчихэв. Уг нь, нэгэнт засагт хамтарч, эрх баригчийн байр суурьт заларсан АН-д 2028 оны УИХ-ын сонгуулийн чимээ гартал элдэв улс төр хэрэггүй гэж ойлгогдохоор байгаа юм. Гэтэл тус намынхан УИХ-ын дараагийн сонгууль бус түүнээс өмнөх томоохон сонгуульд бэлдээд эхэлсэн бололтой.

Тэгвэл, хамгийн ойрын сонгууль 2027 онд болно. Тэр сонгуулиар Монгол Улсын долоо дахь Ерөнхийлөгчийг тодруулна. Одоохондоо, долоо дахь Ерөнхийлөгчөөр өмнө нь энэ албан тушаалд ажиллаж байгаагүй, шинэ хүн сонгогдох хуультай байна. Тэгэхээр АН-д боломж байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр, Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгох тул том, жижиг улс төрийн хүчнүүд нэгэн цул болж байж эрх баригч МАН-ыг буулгаж авна. Ийм л стратеги барьж буй бололтой. Бололтой ч гэж, АН-ынхан ШИНЭ намтай нэгдэж Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдээд эхэлсэн нь тодорхой байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин, Б.ГАРЬД

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

сүмбээ
1 хоногийн өмнө
116.206.83.106

4 удаа нэгдэж 4 удаа салсан энэ 2 нам.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.