Прокурорын байгууллага 2025 оны гуравдугаар сарын 24-28-ны өдрийг хүртэл хугацаанд эрүүгийн 274 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Нийслэлийн прокурорын газраас Баянхонгор аймгийн нийтийн албан тушаалтан С.Х нь байгууллагаас зохион байгуулдаг худалдан авах ажиллагааны үнэлгээний хорооны гишүүнээр ажиллах, өөртөө давуу байдал бий болгох үүднээс худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтад зохих журмын дагуу хамрагдалгүй гэрчилгээ гаргуулан авч, бусдад хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 2 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын улсын байцаагч Я.Г нь архи, согтууруулах ундаа тээвэрлэж явсан тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийлгүй, зөрчлийг мэдэгдэлгүйгээр “Алтанбулаг” чөлөөт бүсээс гаргаж, С.Э, Б.Б нарт давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дугаар зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дугаар зүйлийн 3 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Сэлэнгэ аймгийн анхан шатны шүүхэд,
Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулдаг “УТ” ХХК-ийн удирдах албан тушаалтан А.Э нь их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор татварын тайлант хугацаанд бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр хий бичилт хийлгэж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг бууруулан, татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.