УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцэж байв. Гэсэн ч Засгийн газрын сайд нарын ирц хангалтгүйгээс болж хуралдааныг завсарлуулж, даваа гарагт үргэлжлүүлнэ гэж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдлээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-УИХ-ын гучин гишүүн асуулт асууж, хариулт авахаар байна. Засгийн газрын зарим сайд нар гадаадад томилолттой. Зарим сайд нар орон нутагт ажиллаж байна. Зарим нь чуулганы хуралдаанд ирээгүй байна. УИХ-аар хэлэлцэх асуудал долоо хоногийн өмнө гардаг. Засгийн газрын гишүүд хэлэлцэх асуудлын тов дарааллыг хараад өөрсдийн ажлаа төлөвлөдөг баймаар байна. Хоёрдугаарт тухайн асуудал эрхэлж байгаа сайд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан зайлшгүй байх шаардлагыг УИХ баримталж ажиллана. Урьдын адил нэг нь асуусан болж, нөгөөх нь хариулсан болдог байдлаар ажиллахгүй. Өнөөдрийн асуулт, хариултын чанарын үр дүнг бодолцож өнөөдрийн чуулганыг өндөрлүүлж байна. Даваа гарагт чуулганы хуралдаан 10 цагт эхэлнэ. Ерөнхий сайд хүртэл өнөөдөр хөдөө явах ажлаа хойшлуулж, өөрийн гүйцэтгэх ажлаа хийгээд явж байна. Эдийн засгийн хөгжлийн сайд, Сангийн сайдгүйгээр улс орны эдийн засаг, нийгмийн бодлогын асуудлыг асууж, хариулт авах нь утгагүй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.