"Эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын холбоо" ТББ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.
"Эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын холбоо" ТББ-ын УЗ-ийн гишүүн М.Өлзийбаяр:
-2023 онд дэлхий нийтэд 172 мянган хүнд эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийгдсэн. Үүний 70 хувь нь бөөр, 20 хувь нь бөөр, үлдсэн нь зүрх, нойр булчирхай зэрэг байна. Бөөрний архаг өвчин 2006 оноос халдварт бус өвчлөлийн 50 хувийг эзэлсэн байна. Дэлхийн 8 тэрбум хүний 800 сая нь бөөрний ямар нэг өвчтэй байна. Харин манай улсад 2000 онд бөөрний диализын эмчилгээтэй 40 гаруй хүн бүртгэлтэй байсан бол 2025 онд 2890 хүн байна. Бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай хүмүүс.
Элэгний өвчлөлийн нас баралтаар манай улс тэргүүлж байна. 2007 онд элэг, бөөр шилжүүлэн суулгасан хүний тоо 70 байсан бол өнөөдөр 1200-д хүрсэн байна. Эрхтэн шилжүүлэн суулгуулах эмчилгээг анх АНУ 1954 онд хийж байсан. Харин 1962 онд тархины үхжилттэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг анх хийж эхэлсэн юм билээ. Энэ эмчилгээ нь маш олон шинжлэх ухааны нэгдмэл цогц юм. Манай улс ч ухрахгүй урагшилмаар байна. Манай улсад 1996 оноос энэ эмчилгээ эхэлсэн. 30 жилийн үйл ажиллагааг үгүйсгэмээргүй байна.
Иргэн:
-П.Батчулуун эмчийн асуудалд гадуур хүмүүс олон талаас нь ярьж байна. Тархины үхэлтэй донорын ар гэрийнхэнд баярлах ёстой. Тэд маш олон хүний амь, насыг аварч байгаа. Үүнд эмчийг буруутгах аргагүй. Манай эмч нар эрхтэн шилжүүлэх суулгах мэс заслыг маш сайн, өндөр түвшинд хийдэг. Тэднийг яг хажуугаас нь харвал түргэн шуурхай цаг минуттай уралдаж байдаг. Мөн тоног төхөөрөмжийн хувьд маш сайн. Бид эмчээ аврах гээд гарын үсэг цуглуулж, гадуур хөөцөлдөж байна. Донороо хүлээж буй олон хүнд өвчтөн байдаг. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эрэлт жилээс жилд нэмэгдсэн.
Иргэн Б.Мөнхжаргал:
-Би элэг шилжүүлэн суулгуулах мэс заслыг анх хийлгүүлсэн өвчтөний нэг. Одоогоос 14 жилийн өмнө элгээ солиулж байсан. Би охиныхоо элэгний 70 хувийг тайруулж авсан юм. П.Батчулуун эмчийн ачаар би дахин амьдарсан. Тэр хүн олон хүмүүсийн амь насыг аварсан. Ийм хүн шоронд байх ёсгүй. Донор болж, хүний амь аварсан талийгаачийн ар гэрийнхэнд нөхөн олговор өгөх хэрэгтэй. Тэгээд мөн хуулиа ч сайжруулах хэрэгтэй байна. Гэхдээ юуны өмнө П.Батчулуун эмчийг суллах хэрэгтэй. Бид тэр хүний өмнө өртэй тул, өмгөөлж хамгаалах ёстой гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.