Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам байгуулах Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг 98 гишүүн дэмжлээ. Ийнхүү Манай улс БНХАУ-тай 70 жилийн хоёр дахь боомтыг холбох ажил эхлэхээр болж байна.
УИХ-ын гишүүн Г.Хосбаяр:
-Энэ бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж байна. Зураг төсөл эцсийн байдлаар бэлэн болсон уу? Эрдэнэс Тавантолгой 900 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргана гэж гэрээнд тусгагдсан. Энэ санхүүжилт саатахгүй биз. Том төслийн хэрэгжилтэд анхаарах шаардлагатай. Бүтээн байгуулалтын ажлынхаа үе шатыг сайн ялгаж салгаж эрэмбэлж байж эхлүүлэх хэрэгтэй шүү. Нүүрсний бизнес бол тээврийн бизнес. Төмөр замаар нүүрс тээвэрлэх асуудал ярьж байна. Энэ хил холболт хэрэгжсэнээр 25-30 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадал нэмэгдэх юм билээ. Бид авто замаар 38 сая тонн нүүрс тээвэрлэсэн байдаг. Эдгээр хүмүүсийн аж амьдралыг харж үзэх, энэ асуудлыг нухацтай авч үзэх шаардлагатай шүү.
Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан:
-Эрдэнэс Тавантолгой ХК 976 тэрбум буюу 270 орчим сая ам.доллар гаргах төсөөлөлттэй байсан. Харин хэлэлцээрийн шатанд 50 орчим сая доллар буюу 170 тэрбумын хэмнэлт гаргаж, хугацааг наашлуулж, ашиглалтад оруулахаар хэлэлцээр хийж байгаа. эдийн засгийн хувьд ихээхэн ач холбогдолтой төслөөс гадна шууд бусаар дам нөлөөлөл их үзүүлэх юм.
Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан:
-Хил дамнасан гүүр байгууламжийн зураг төсөл 2023 оны есдүгээр сард хийгдээд дууссан. Энэ зургийг БНХАУ-ын тал хийсэн. Манай улсын барилгын хуулиар магадлагдсан. Ажил хийхэд бэлэн. Машины нүүрсний тээвэр чухал ач холболтой байсан. Цаашдаа ч хэвийн байна. Гарц орцыг нэмэгдүүлэх ажлыг хийнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Энэ хэлэлцээр урт удаан хугацаанд үргэлжиллээ. Энэ хэлэлцээрийг батлахад гар бие оролцсон бүх хүмүүст талархлаа илэрхийлж байна гэв.
Ингээд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслөөр санал хураалт явуулав. Чуулганы хуралдаанд нийт 110 гишүүн оролцож нийт гишүүдийн 98 нь дэмжих санал өглөө. Ийнхүү Манай улс БНХАУ-тай 70 жилийн хоёр дахь боомтыг холбох ажил эхлэхээр болж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.