УИХ-ын гишүүн О.Батнайрамдал тэргүүтэй боловсролын зээлийн санг шинэчлэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:
-УИХ дахь Боловсрол, соёл шинжлэх ухаан спортын байнгын хорооны дэргэд байгуулагдсан Боловсролын зээлийн сангийн шинэчлэлтэй холбоотой ажлын хэсэг гарсан. Ажлын хэсгээс гарсан санал дүгнэлтийг Засгийн газар руу чиглэл өгөхөөр байнгын хорооны тогтоол батлагдсан байгаа. БЗС гадаад дотоодод суралцсан 1,2 сая хүүхдэд хүрсэн сан байгаа. Хамгийн үнэ цэнтэй сан хэр нь хамгийн шударга бус явж ирсэн. БЗС-гийн 2025 оны сонгон шалгаруулалт цоо шинэ журмаар ил тод явах ёстой гэсэн байнгын хорооны тогтоол гарсан.
Өнөөдрийг хүртэл боловсролын зээл тусламж бүгд хүн уншаад ойлгохооргүй журмаар явж ирсэн. Тэгэхээр журмыг цоо шинээр бичих ёстой. Зээлийн эргэн төлөлт одоо ч асуудалтай хэвээр дотоодод суралцахаар зээл авсан хүүхдүүдийн эргэн төлөлт 98 хувьтай. Гэтэл гадаад зээл 360 тэрбум төгрөг 30 жилийн хугацаанд олгогдсон ч өнөөдөр эргэн төлөлт нь дөрвөн хувь ч хүрэхгүй байна.
Оюутан залуусын хүний эрхийн зөрчил, хэт ялгаварласан байдал үргэлжилж байна. Дотоод зээл эргэн төлөхгүй бол Монголбанкны зээлийн мэдээллийн санд ордог хэр нь гадаад зээлийн эргэн төлөлт дөрвөн хувь ч хүрэхгүй байхад яагаад хар жагсаалтад орохгүй байна. Тэгэхээр үүнийг цогцоор нь шийдэх ёстой. 2025 он түүхэнд хамгийн өндөр дүн буюу 158,4 тэрбум төгрөг төсөвлөгдсөн байгаа. Энэ дүнгийн 36,6 тэрбум нь зээлийн эргэн төлөлтөөр санхүүжнэ. Тэгэхээр зээлийн эргэн төлөлтөөр дараа дараагийн хүүхдэд боломж олдоно. Зээлийн эргэн төлөлт дээр салбар яам стратеги гаргаж анхаарч чадахгүй бол БЗС-нд доголдол үүснэ.
БЗС-гийн асуудлыг хоёр жил ярьж байгаа боловч бүрэн цэгцрээгүй асуудлыг цоо шинээр цэгцэлж, шинэ түвшинд гаргах зайлшгүй шаардлага үүссэн гэж ажлын хэсэг дүгнэсэн.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат:
-Өөрөө тэтгэлгээ олсон жирийн ард иргэдийн хүүхдийг урамшуулах, улсын сургууль, цэцэрлэг, их дээд сургуулиудад багшлах оюутан суралцагчдыг илүү их тэтгэлэг зээлийн чиглэлд хамруулах чиглэлийг барьсан байгаа. Боловсролын салбар нь өнгөрсөн хугацаанд тэтгэлэг дэмжлэгээ авч чадахгүй явсан байна. Тиймээс дэлхийн хэмжээний боловсрол эзэмшсэн хүн эргэж эх орондоо ирээд хүүхдүүдэд хичээл заах боломж үүснэ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.