УИХ-ын гишүүн Б.Уянга Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн талаар мэдээлэл хийв.
УИХ-ын гишүүн Б.Уянга:
-Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 1.2-т ардчилсан ёс, шударга ёс эрх чөлөө, эрх тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. Мөн газрын хэвлий түүний баялаг төрийн, нийтийн өмч байна гэж тус тус тусгасан байдаг. Энэ утгаараа Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг 2024 онд баталж хэрэгжиж эхэлж байгаа нь бидний хувьд том амжилт.
Үндэсний баялгийн сан нь ирээдүй хойч үеийн өв сан, Бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх хөгжлийн сан, Хуримтлалын сан гэсэн гурван дэд сантай. Хуримтлалын сан нь стратегийн ордуудын ногдол ашгаас бүрдэж, иргэн бүрд 2024 оноос нэрийн дансанд хуримтлал бүртгэгдэж байгаа. Хуримтлалын сангийн хувьд стратегийн ашигт малтмалын орд гэх тодорхой тооны ордоос орж ирэх орлогоор хязгаарлагдаж байгаа.
Гэхдээ энэ нь нөгөө талаас уул уурхайн чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүдэд ирээдүйд хөрөнгө оруулалтынх нь үр дүнгээр бий болсон ордыг стратегийн гэх жагсаалтад оруулж төр олон нийтийн өмчид авна гэсэн болгоомжлол эрсдэлийг үүсгэж байна. Тиймээс 2006 оноос уул уурхайн салбарт бий болсон стратегийн орд гэх алдаатай ойлголтыг засаж өнөөдрөөс эхлэн 2025 оноос хойч үед үйл ажиллагаа нь эхлэх нийт уул уурхайн төслүүдээс хуримтлалын санд тогтмол тодорхой хэмжээтэй хураамжийг авч хуримтлал бий болгох хуулийн төслийг санаачилж өргөн барих нь зүйтэй гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл, нийт уул уурхайн төслүүдээс зөвхөн стратегийн орд гэж хязгаарлагдахгүйгээр борлуулалтын орлогын тодорхой хувийг магадгүй хоёр хувийг жил бүр Үндэсний баялгийн сангийн хуримтлалын санд төвлөрүүлдэг болох зохицуулалтыг хуульчлах хэрэгтэй байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.