ХБНГУ-ын канцлер Ангела Меркель Христийн Ардчилсан эвсэл намын даргын албыг хашдаг. Намын даргыг шинээр сонгох санал хураалт өнөөдөр Берлин хотод болох гэж байна.
64 настай канцлер намын даргын сонгуульд энэ жил өрсөлдөхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Гэхдээ энэ нь канцлерын албан тушаалаас татгалзсан гэсэн үг биш юм. Меркель 2021 он хүртэл Германы канцлерын албыг хаших бүрэн эрхтэй.
Намын даргын сонгуульд 1,001 төлөөлөгч нууцаар саналаа өгнө. Сонгуулийн ялагч 50-аас дээш хувийн санал авах ба нэр дэвшигчдийн авсан санал 50 хувьд хүрэхгүй бол хамгийн өндөр санал авсан хоёр нэр дэвшигч дахин өрсөлдөнө.
Канцлер Ангела Меркелийн халааг залгаж, намаа удирдах хамгийн өндөр магадлалтай нэр дэвшигчээр 56 настай Крамп Карренбауэр яригдаж байна. Түүнийг бага Меркел ч гэх нь бий. Мөн 63 настай Фрейдрих Мэрц, 38 настай Жэнс Спан нарыг санал хураалтанд тэргүүлэх өрсөлдөгчдөөр нэрлэж байна.
Эх сурвалж: www.reuters.com