Олон нийтийн сүлжээнд “Gan-Ochir” гэх хаягаас "Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтсийн хөдөлгөөнт эргүүлийн цагдаа н.Батзаяа гэгч нь 2025 оны хоёрдугаар сард эмэгтэй хүнтэй маргалдсаны улмаас зодож, танхайрсан" гэх мэдээлэл нийтлэгджээ. Тэгвэл тус асуудлаар ЦЕГ-аас дараах мэдээллийг өгөв.
Тодруулбал,"Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо “Батлан хамгаалах их сургуулийн замын эсрэг талд зодоон болоод байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад энэ оны хоёрдугаар сарын 16-ны өдөр бүртгэгдсэн. Уг дуудлага мэдээллийн дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн хэлтсийн алба хаагчид очиж шалгахад иргэн "Т" нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, улмаар зам тээврийн осол гаргасан нөхцөл байдал тогтоогдсон. Осол гаргасан иргэн Т нь дуудлагаар ирсэн цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, хүч хэрэглэн, албаны тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан тул уг үйлдлийг таслан зогсоох зорилгоор алба хаагч бусдын хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор чиг үүргээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэн иргэнийг саатуулсан. Дээрх үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад иргэн Т нь шүүх эмнэлэгт үзүүлэх, биед учирсан хохирлоо тогтоолгох хүсэлт гаргасныг хүлээн авч шийдвэрлэсэн ба дуудлагын үеийн албаны хэрэгцээнд ашиглагддаг энгэрийн камерын бичлэг бусад баримтуудаар алба хаагчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй байна" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.