Онцгой байдлын ерөнхий газраас Мал эмнэлгийн ерөнхий газарт Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг энэ сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Мал эмнэлгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдлага, алба хаагчдад 04:00 цагт “Цуглар” зарлан мэдээллийн дохиог өгч, бэлтгэл, бэлэн байдлыг шалгаснаар дадлага сургууль эхэлсэн юм. Сургуулийн нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзориг, МЭЕГ-ын дарга А.Нарантуяа нар оролцож, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Хурандаа Ц.Ганзориг хэлсэн үгэндээ “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах бүрэлдэхүүн хэсгийн хэд, хэдэн асуудал та бүхний ажил, үүрэгтэй шууд холбоотой байдаг. Сүүлийн жилүүдэд төв болон зүүн бүсийн аймгуудыг хамран гарсан хонины цэцэг, бог малын мялзан, баруун бүсийн зарим аймгуудад гарсан бог малын мялзан, төвийн бүсийн аймгуудад гарсан гахайн африкийн мялзан зэрэг өвчний хариу арга хэмжээг зохион байгуулан ажилласан.Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн бэлчээрийн ургамлын гарц багасаж, малын тарга тэвээргэ муудаж шилжилт хөдөлгөөн ихэссэнтэй холбогдуулан малын гоц халдварт өвчин тархах эрсдэл нэмэгдэж байна. Мөн зэрлэг амьтан, нисдэг шавжаар дамжин хил дамнан орж ирэх гоц халдварт өвчнүүдийн эрсдэл өндөр байна. Тиймээс мал эмнэлгийн байгууллагын бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, хариу арга хэмжээг зөв оновчтой төлөвлөх, нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангах цогц тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байгаа тул энэхүү сургуулийг анх удаагаа зохион байгуулж байна” гэлээ.
Сургуульд Мал эмнэлгийн ерөнхий газар, Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори, Малын эмийн сорилт баталгаажуулалтын улсын лабратори, 21 аймгийн Мал эмнэлгийн газрын нийт 1017 гаруй ажилтан, албан хаагч оролцож байна.
Мөн дадлага сургуульд ҮАБЗ, Гамшгаас хамгаалах улсын алба, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын төлөөлөл дадлага сургуульд хамрагдаж байгаа гэдгээрээ онцлог юм. Сургуулийн удирдагчаар ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням ажиллаж, томилогдсон алба хаагчид мэргэжил, агазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.