ХААИС-ийн захирлаар ажиллаж байсан Т.Хэрүүга, эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан дэд захирал асан Ж.Батчулуун нарт холбогдох хэргийг өнөөдөр нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хэлэлцлээ.
НПГ-аас дээрх албан тушаалтнуудад 2025 оны нэгдүгээр сарын эхээр дахин яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлж байсан юм. Гэвч тус шүүхийнхэн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай хэмээн прокурорын хяналтад буцаах захирамж гаргасан. Үүнийг нь НПГ-ынхан эсэргүүцсэнийг өчигдөр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд анхан шатны шүүхийн захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Мөн энэ үеэр хавтаст хэрэгт дутуу байгаа гэх ХААИС-ийн захирлын тушаал, шийдвэр хавсралт үнэхээр бий, эсэхийг тодруулах ёстойг ч шүүх бүрэлдэхүүн прокурорт сануулсан.
Т.Хэрүүга, Ж.Батчулуун нарыг эл сургуулийг удирдаж байхдаа албан тушаалаа урвуулж, хохирол учруулсан хэрэгт холбогдуулан 2020 оноос хойш шалгасан бөгөөд өмнө нь нэг удаа тус шүүхэд шилжүүлсэн ч нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх болсон. Тэдэнтэй холбоотой гомдлыг ХААИС-ийн багш, ажилтнууд нь 2020 онд АТГ-т гаргаснаар мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлсэн. Тодруулбал, Т.Хэрүүга, Ж.Батчулуун нарын тендерийн хууль зөрчиж, зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан хэмээн Эрүүгийн хуулийн 22.8-1.2-ын төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан, 17.4-1-ийн эд хөрөнгө завшсан гэх заалтыг үндэслэн яллагдагчаар тооцон шүүхэд шилжүүлсэн билээ. Т.Хэрүүга, Ж.Батчулуун нар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчин сонгон шалгаруулалт явуулалгүйгээр “Киа морнинг”, “Бонго жи-3” загварын автомашин тус бүр нэг, “Хьюндай аванте” суудлын автомашин, “Хьюндай каунти” загварын автобус тус бүр хоёр гээд нийт зургаан тээврийн хэрэгслийг зах зээлийн ханшаас өндөр үнээр худалдан авсан хэмээн буруутгагдсан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.