Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Морин хуурын үүсэл, хөгжил, өв соёл” сэдэвт эрдэмт шинжилгээний хурал Төрийн ордны “Чингис хаан” танхимд боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үгэндээ, морин хуур бол хүн төрөлхтний соёлын нандин өв, монгол үндэстний хөгжмийн урлагийн ноён оргил, монголчуудын ахуй, сэтгэлгээний онцлогийг бүрэн илэрхийлдэг хөгжмийн зэмсэг гэдгийг тэмдэглэв.
Морин хуур нь үүссэн цагаасаа эхлэн монголчуудын дуу хуур, бүжиг наадам, ардын баяр цэнгэлд голлох байрыг эзэлж ирсэн бөгөөд монгол ардын уртын дуу, үлгэр тууль, ардын бий, биелгээг морин хуургүйгээр төсөөлөхийн аргагүй байдаг нь үүний нотолгоо мөн хэмээн онцоллоо.
Иймд монгол үндэстний хөгжмийн зэмсэг, морин хуурыг уламжлан хөгжүүлэхэд төр засгаас анхаарч Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 183 дугаар зарлигаар морин хуурыг “Үндэсний хөгжмийн зэмсэг” болохыг зарлаж, улмаар 2008 оны 11 дүгээр сард “Уламжлалт морин хуур хөгжмийн урлаг” нь ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” зарлиг гаргаж,
Түүнчлэн морин хуурыг түгээн дэлгэрүүлэх үйл хэрэгт тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлохоор 2024 оны 05 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Морин хуурын анхдугаар чуулган”-ыг зохион байгуулж, морин хуур хөгжмийг хөгжүүлэх, зааж сургах, үйлдвэрлэх хүний нөөц, материаллаг баазыг нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээг нь дэмжин хөгжүүлэх, олон нийтэд сурталчлах зэрэг ажлыг хэрэгжүүлэх талаар төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллаж эхлээд байгааг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хэлсэн үгэндээ дурдлаа.
Морин хуур хөгжмийг сурталчлан таниулах, судлан шинжлэх ажлыг эрчимтэй үргэлжлүүлэхэд “Морин хуурын үүсэл, хөгжил, өв соёл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Эрдэм шинжилгээний хурлаар Ардын багш, Соёл урлагийн их сургуулийн зөвлөх профессор, доктор С.Дуламын “Хуурч болох зан үйлийн мета домог зүй”, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Улсын дэсийн бодисын бус соёлын өвийг өвлөн тээгч, морин хуурын их багш, соён гэгээрүүлэгч, сурган хүмүүжүүлэгч Чи Булагийн “Морин хуурын үүсэл, хөгжил”, яруу найрагч, Чингис хаан одонт, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёогийн “Морин хуур-монгол соёлын ой санамж”, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Багшийн их сургуулийн доктор, профессор Хөгжилтийн “Хялгасан хуурын эрт ба эдүгээгийн тухай” зэрэг нийт 16 илтгэл хэлэлцүүлэв.
Хуралд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийн газрын удирдлагууд, Шинжлэх ухааны академи, Соёлын өвийн үндэсний төв, морин хуур судлаач, урлаач, багш, эрдэмтэн, докторууд, зохиолчдоос гадна төрийн болон төрийн бус байгууллагуудын холбогдох төлөөллүүд оролцлоо.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.