Төрийн хөрөнгөөр хайгуул хийж нөөц нь тогтоогдсон ч одоо хувь хүний компани ашиглаж байгаа стратегийн орд газруудын тодорхой хувийг төрд буцаан авах асуудлыг УИХ-аар удахгүй хэлэлцүүлэх гэж байгаа билээ. Хамгийн том жишээ нь Тавантолгойн бүлэг ордоос Ухаа худаг хэсэг буюу хамгийн сайн чанарын нөөцтэй хэсгийг MCS-ийн охин компани болох Энержи ресурс ХХК эзэмшиж байгаа. Гэтэл тус компаниас сонгуулийн үеэр хандив авсан олон гишүүн энэ удаагийн парламентад сууж буй. Тэд асуудал хэлэлцэгдэх үеэр ямар санал өгөх нь олны анхаарал татсан сэдэв болоод буй.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:
-Ухаа худагийн асуудал УИХ-д орж ирэх гэж байна.
Энэ бол үндсэн том агуулгаараа баялгийн сангаа амилуулж чадах эсэх асуудал л яригдаж байна. Үндсэн хуулинд "Газрын хэвлийн баялаг ард түмний өмч байна" гээд заачихсан. Энэ баялаг олон нийтэд хэр зөв зарцуулагдах вэ, тэр дундаа Үндсэн хуулинд заасан маш тодорхой нэг заалт бол стратегийн ач холбогдол бүхий орд газруудын өгөөжийн дийлэнх нь ард түмэнд оногдох ёстой гэсэн агуулга. Ашигт малтмалын хуулийн 5.3-аас 5.5-д зааснаар төсвийн хөрөнгөөр юм уу хувийн хэвшлээр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосноос шалтгаалж тухайн ордын 34-50 хувийг төр эзэмшинэ гэсэн заалтаа хэрэгжүүлэх гэж байгаа л хэрэг.
Баялгийн сангийн хуулинд ч энэ агуулга тусгагдсан. Санд цугласан мөнгийг эрүүл мэнд, боловсролын салбарт зарцуулна. Засгийн газар хувийн хэвшилтэй хэлцэл явуулах ёстой. Янз бүрийн хувилбар байж болно. Засгийн газар олон нийтийн өмнө хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч байгууллагын хүрээнд хамгийн ашигтай, үндсэн хууль, ашигт малтмалын тухай хууль, баялгийн сангийн тухай хуулиа ч биелүүлэх зарчмаар ярилцаж байгаа байх. Орд бүрийн хэлцэл өөр байж болно.
Ухаа худагийн асуудал бол УИХ-аар оруулахгүйгээр Засгийн газрын тэмдэглэлээр шийдсэн тул эргэн харах асуудал мөн. Миний хувьд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг гурван жил ахалж явсан. Газрын баялгийн шударга хуваарилалтын асуудлыг байнга ярьж явдаг хүний хувьд хариулт маш ойлгомжтой. Үндсэн хуулиа дагаж, одоо байгаа хуулиа хэрэгжүүлэх ёстой. Байгалийн баялгаас маш их хамааралтай орны хувьд хуваарилалт хийх л ёстой. Тэгэхгүй бол баялгийн хараал болсон орны нэг болно гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.