Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий компани "UB Palace"-ийн суурин дээр орон сууц барих гэж байгаатай холбоотойгоор иргэд эсэргүүцэж мэдээлэл хийлээ.
Иргэний байр суурь:
-Манайх "UB Palace"-ийн чанх урд талын байранд амьдардаг. Энэ байранд амьдраад 17 жил болж байна. Одоогоос 17 жилийн өмнө бол энэ орчинд хүн амын төвлөрөл бага байсан. "UB Palace"-ийн урд автомашин зогсдоггүй байлаа. Харин сүүлийн жилүүдэд замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, гэртээ ороход хүртэл хүндрэлтэй болсон.
"UB Palace"-ийг тойрсон орчинд 6000 орчим айл амьдарч байна. Барилгажилт хэтэрсэн. Тоглолт болоход гэр лүүгээ ороход маш хүндрэлтэй болдог. "UB Palace" нь соёл урлагийн зориулалттай барилга. Миний авсан мэдээллээр энэ оны нэгдүгээр сарын 6-нд “Хурд стандарт” компани газрыг худалдаж авсан байна. Газрын зориулалт нь өөрөө худалдаа үйлчилгээ, соёл урлагийн төвийн зөвшөөрөлтэй газар байгаад байна. Гэтэл энэ газар дээр орон сууц барина гэсэн мэдээлэл яваад байна. Тиймээс энэ мэдээллийг тодруулах шаардлагатай байна гэж харж байна.
Хоёр хууль зүйн үндэслэл байна гэж харж байна. Нэгдүгээрт, Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 6.5 дээр “Хотын төлөвлөлт, барилгажилтын норм, дүрэмд заасан хүн ам, барилгажилтын нягтралын хязгаарыг давсан газарт инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламж барихаас бусад зориулалтаар шинээр газар эзэмших, ашиглах эрх, барилга байгууламж барих зөвшөөрөл олгохгүй” гэсэн заалт байгаа. Энэ заалтыг зөрчиж байна.
Хоёрдугаарт, НИТХ-ын тэргүүлэгчдийн 2023 оны зургаадугаар сарын 21-ний өдрийн тогтоол бий. Нийслэлийн 88 байршил дээр нягтаршлыг тогтоосон. "UB Palace"-ийн энэ орчин нягтаршилтай 88 байршилд орсон байгаа. Иймд барилга барихыг иргэд эсэргүүцэж байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хувь хүн, компани хөрөнгөөрөө худалдаад авсан бол хувийн өмчрүү дайрч болох уу?.