Ноорог.мн сайтын редакцад хойшлуулшгүй ажиллагаа явуулж, мэдүүлэг авсан асуудлаар НЦУГ-аас мэдээлэл хийв.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр:
-Цахим орчинд үйл ажиллагаа явуулдаг Ноорог пэйжид нийтлэгдсэн пост, мэдээ мэдээлэл, контенттой холбоотой асуудалд мөрдөн шалгах болон гүйцэтгэх ажиллагааг цагдаагийн байгууллагаас явуулаагүй. 19.9 гэдэг заалтын тухай цахимд түгсэн мэдээллийг мэдэхгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад баталгаажуулж, шийдвэрлэнэ. Иргэдийн мэдээллийг хууль бусаар олж авсан, мөрдөн мөшгөх, мэдээллийг цуглуулах гэх мэт үйлдэл урьдчилсан байдлаар тогтоогдсон. Гар утасны кодыг нь тайлуулж нэгжлэг хийсэн. Иргэний утсыг шалгах нь нээлттэй шүү дээ, хуулийн дагуу.
ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа С.Тайван:
-Ноорог пэйжийн контент бүтээгч залуустай холбоотой мөрдөн шалгах ажиллагааг цагдаагийн байгууллагаас явуулж байна. Ингэхдээ хэвлэн нийтлэх эрх чөлөө болон хэвлэл мэдээллийн байгууллагатай холбон шалгаагүй. Харин хувь хүний нууцад халдах, хувь хүний нууцыг задруулах, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах зэрэг гэмт хэргийн сэжүүр байсан учраас ийнхүү мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Өчигдрийн хойшлуулшгүй ажиллагааг прокурорын зөвшөөрөлтэйгөөр хийж гүйцэтгэсэн. Найман иргэнээс мэдүүлэг авах гэсэн боловч долоон иргэн өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гэдгээ илэрхийлсэн. Ингээд тус хүсэлтийг хүлээн авч мэдүүлгийг 10.30 минутад эхэлж, 04.30 минутад явуулсан. Хуулийн дагуу тус арга хэмжээг авч ажилласан гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.